Dark Light
Нийгэм | 2026-10-16

НОГООН БҮСИЙН ХУУЛЬ БУС ХАШАА, ХААЛТУУДЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Ногоон бүсийн хууль бус хашаа, хаалтуудыг буулгаж эхэллээ: 407 газрын зөвшөөрлийг цуцалжээ

Нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий газруудад иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан, хууль бусаар хашаа барьсан газруудыг чөлөөлөх ажил эрчимтэй үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнгөрсөн наймдугаар сарын 26-нд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд ажиллаж, газрын зөрчлүүдийг арилгах үүрэг өгсөн юм. Үүний дагуу өнөөдрийн байдлаар нийслэлийн 4 дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байна.

Дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэгтгэн хүргэж байна.

Сонгинохайрхан дүүрэг: Зөвшөөрөлгүй төмөр хашаануудыг албадан буулгав

Тус дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарын зөрчлийг арилгахаас одоогоор 37 газрын эрхийг дуусгавар болгож, 46-д нь сонсох ажиллагаа явуулж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлжээ. Үүнд:

  • Жаргалантын ам: 1 байршилд 400 метр хашаа

  • Ар гүнт: 2 байршилд 14 метр хашаа

  • Баянголын ам: 1 байршилд 1,996 метр хашаа

  • Зүүн салааны зуслан: 1 байршилд 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашаануудыг тус тус албадан буулгажээ.

Чингэлтэй дүүрэг: Ашиглалтгүй 67 газрын эрхийг хүчингүй болгов

Ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцалсан байна. Түүнчлэн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж хашаа барьсан, иргэдийн зорчих эрхийг хязгаарласан 70 байршлын зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна.

Сүхбаатар дүүрэг: Зөрчил давтагдахаас сэргийлж долоо хоног бүр хяналт тавина

“Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд хэтрүүлж хашаа барьсан 9 байршлыг өөрчилж, орц гарцыг гаргасан байна. Мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Цаашид зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлж, мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавих юм.

Баянзүрх дүүрэг: Дроноор тандалт хийж, 68 газрын эрхийг дуусгавар болгов

БЗД-ийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дроноор тандалт хийж, судалгааг нэгтгэжээ. Үүний дагуу ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд дахин 6 газрыг цуцлах захирамжийн төсөл хянагдаж байна. Иргэдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хуулийн дагуу 14 хоногийн өмнө хүргүүлж байгааг албаныхан мэдээллээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10