Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аймаг, орон нутгийн удирдлагууд, Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Улсын онцгой комисс болон холбогдох бусад албаныхантай цаг үеийн асуудлаар цахимаар шуурхай хуралдав.
Хурлаар хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, иргэдийн амь нас, эд хөрөнгө, мал сүрэгт хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч буй арга хэмжээний үр дүнг хэлэлцэн, дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Үүрэг даалгавар:
1. БОУАӨ-ийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан “Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх удирдамж” -ийг хэрэгжүүлэх,
2. Хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг хүлээн авах 24 цагийн шуурхай мэдээллийн утсыг шат шатны байгууллагад ажиллуулж, мэдээллийг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэн бүртгэж, холбогдох байгууллагад шуурхай дамжуулах;
3. Шуурхай багт байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, цагдаа, онцгой байдал, хилийн цэрэг, мал эмнэлэг, зоонозын өвчин судлалын төв болон галт зэвсэг эзэмших эрх бүхий иргэн, хуулийн этгээд, бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулна;
4. Хүрэн баавгайн зөрчил өндөртэй, давтан орж ирж байгаа болон хүн, малд эрсдэл учруулсан байршил бүрд шуурхай хариу арга хэмжээний баг байгуулж, шуурхай багийн ажиллах үүрэг чиглэлийг тодорхой болгож, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах;
5. Дуудлага хүлээн авснаас хойш газар дээр нь очих, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлыг үнэлэх, баавгайг хүн амын суурьшил, малын хашаа хороогоос холдуулах, шаардлагатай тохиолдолд барих, шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээ авах дарааллыг тогтоож, холбогдох албан хаагчдад сургалт, зааварчилгаа өгөх;
6. Эрсдэлтэй бүсэд айл өрхийн орчимд ил задгай хог хаягдал, сэг зэм, хүнсний үлдэгдэл, цагаан идээ болон баавгай татах үнэр бүхий зүйлсийг ил задгай байршуулахгүй байх, битүүмжлэх, зайлуулах арга хэмжээг зохион байгуулах;
7. Иргэдэд хүрэн баавгайтай тааралдсан, суурьшлын бүсэд орж ирсэн, малд ойртсон үед авах арга хэмжээний нэгдсэн зөвлөмжийг бүх боломжит мэдээллийн сувгаар хүргэх;
8. Хүрэн баавгайг хөөж үргээх, барих, шилжүүлэн байрлуулах, тоо толгойг зохицуулах шаардлага үүссэн тохиолдолд шуурхай багийн даргын шийдвэрээр агнах арга хэмжээг зохион байгуулна;
9. Хүрэн баавгай хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан тохиолдолд иргэн аргагүй хамгаалалттай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг баримтална. Тухайн тохиолдлын талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгөх;
10. Хүрэн баавгай орж ирж буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, нэн шаардлагатай тархац нутагт биотехникийн арга хэмжээ авах. Биотехникийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу түр хугацаанд хэрэгжүүлж, автомат камерын хяналтаар мониторинг хийх;
11. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дур мэдэн баавгайд тэжээл өгөх, нэмэлт тэжээлийн цэг байгуулахыг хориглох, сэрэмжлүүлэг хүргэх;
12. Хүн рүү болон айлын хот хашаа, гэр орон руу давтамжтайгаар дайрсан, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит аюул учруулж байгаа, эрсдэл өндөр тохиолдолд нөхцөл байдлыг үнэлж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
13. Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөж, харин цаашид судалгааг хийж, урт хугацааны стратеги, төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэх;
14. Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан зэрлэг амьтныг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, хүн, зэрлэг амьтны зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлж ажиллах.
Хэрэгжүүлж буй арга хэмжээ:
Уг асуудалтай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дүгээр албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлын хүрээнд аймаг, нийслэл, сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өгсөн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаар “Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Улсын онцгой комиссын 2026 оны 10 дугаар 09-ний өдрийн 3 дугаар тэмдэглэл зэрэг шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд БОУАӨЯам яаралтай төлөвлөгөө гарган, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Үүсч буй нөхцөл байдалтай холбоотойгоор БОУАӨЯам нь ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө гаргах, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг хуваарилах, тендер шалгаруулалт зарлах, техникийн тодорхойлолт боловсруулах, баавгайн дуудлагатай холбоотой мэдээлэл хүлээн авах тусгай дугаар ажиллуулах зэрэг арга хэмжээнүүдийг яаралтай авч ажиллаж байна.
Улсын онцгой комиссын III хуралдааны тэмдэглэлээр “Зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөн, дайралт довтолгооны улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал үүссэн үед тухайн амьтныг устгах, аюулгүй болгох асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад үүрэг болгосны дагуу холбогдох хууль тогтоомжийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна.
Хуулийн нэмэлт өөрчлөлтийн тайлбар:
1. Амьтны тухай хууль: Нийт 8 заалт нэмж, 4 заалтыг өөрчлөн найруулж, нэг заалтыг хүчингүй болгож байна.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хууль: амьтанд учруулсан хохиролд нөхөн төлбөр болон хохирол тооцохгүй байх нэг заалт нэмсэн.
3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль: Энэ тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой нэг заалт нэмсэн.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль: Тусгай хамгаалалттай газар нутагт Зэрлэг амьтнаас тулгарсан шууд аюулыг зайлуулахтай холбоотой 3 заалт нэмсэн.
5. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль: Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохтой холбоотой нэг заалт нэмсэн.
Тохиолдлын мэдээлэл:
2026 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар
Орон нутаг, аймаг нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн мэдээллээр улсын хэмжээнд хоногийн хугацаанд нийт 22 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн үүний 5 нь нийслэлд, 17 орон нутагт байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл:
Нийслэлд: Сүхбаатар дүүрэг 3, Баянзүрх 1, Сонгинохайрхан 1 нийт 5 дуудлага, мэдээлэл.
Орон нутагт: Сэлэнгэ-4, Хөвсгөл аймаг-3, Увс аймаг-4, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-2, Булган аймаг 1, Төв аймаг 1, нийт 17 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Байгаль орчны зөрчил, мэдээлэл бүртгэх 24 цагийн 117 тусгай дугаарт 2026 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрийг хүртэл
431 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Аюулгүй болсон мэдээлэл:
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.7 дахь заасны дагуу судалгаа, шинжилгээ, соёлын зориулалтаар, мөн иргэн хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлүүлэх зорилгоор нийт 10 аймаг, нийслэл холбогдох байгууллага болон цагдаагийн хяналт дор 27 баавгайг аюулгүй болгосон байна.
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




