Dark Light
Нийгэм | 2026-10-16

NATIONAL GEOGRAPHIC: НҮҮДЭЛЧИН ГЭР БҮЛҮҮДТЭЙ ХАМТ ХООЛЛОЖ, МОНГОЛ ОРНЫ ТУХАЙ МИНИЙ ТАНЬЖ МЭДСЭН ЗҮЙЛС

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

National Geographic-ийн сэтгүүлч, аялагч Жоржи Дакуортын (Georgie Duckworth) аялалын тэмдэглэлийг Zogii.mn орчуулан хүргэж байна.

Монголын уудам тал нутгаар аялахад хоол хүнс нь өнөөг хүртэл уламжлалт нүүдэлчин ахуй, соёлтой салшгүй холбоотой хэвээр байгаа нь анзаарагддаг. Махнаас бүрдэх шүүслэг буузнаас авахуулаад исгэлэн амттай айраг хүртэлх энэ бүх хоолны соёл нь өв уламжлал, зочломтгой зан чанар болон онгон зэрлэг байгалийн дунд бүрэлджээ.

Буузны чимхэхээс суралцсан нь

“Та чадаж байна уу, Туслах уу” хэмээн Отгонбатын Оюунаа намайг бууз чимхэхийг оролдож байхыг хараад егөөтэй инээмсэглэн хэлэв. Би түүний гэр дотор, тод өнгөөр будсан жижигхэн ширээний ард тухлан сууж, бууз хийж сурах гэж хичээж буй минь энэ юм. Монголчуудын хоолны соёл ерөнхийдөө маш энгийн, элдэв чамирхалгүй байдаг шиг энэхүү ууранд жигнэдэг хоол нь ердөө л хонины мах, зэрлэг сонгино, давс, гурилаас бүтдэг. Гэвч үүнийг гардан хийнэ гэдэг харагдаж байгаа шигээ амар зүйл биш ажээ.

Намайг бага зэрэг шантарч буйг мэдэрсэн Оюунаа нэгэн зэрэг гар хуруугаа гайхалтай хөдөлгөж, ногоон ноосон цамцныхаа ханцуйг шамлангаа буузаа чимхэж, намайг тайвшруулав. “Энэ бол зүгээр л дадлага. Намайг бага байхад ээж минь ажил ихтэй үед туслуулж сургасан юм. Одоо харин миний хүүхдүүд надад тусалдаг болсон” гэж тэр хуучиллаа. Түүний өсвөр насны охин Одончимэг хажууханд нь жижиг сандал дээр сууж, цахилгаан зуухан дээр буузаа жигнэнгээ миний бүтэлгүйтлийг харан өхөөрдөж, надтай хамт инээлдэнэ.

Буузны уур гэрийн тооно өөд багсран хөөрч, гэр дотор мах, сонгины тансаг бөгөөд өтгөн үнэр ханхийхийг би ажиглан суув. Бууз чимхэх оролдлогоо орхиж, Одончимэгийн надад сунгасан тавагтай хоолыг талархан авлаа. Бууз маш зөөлөн, шүүслэг байх бөгөөд хонины махны өвөрмөц, ялимгүй давслаг амт нь аманд шууд уусах шиг санагдав.

Би Оюунаагийн гэр бүлтэй хамт Монгол орны төв тал нутаг болох Орхоны хөндийд зочлон амьдарч байгаа юм. Гэрийн гадна талд уудам тал нутаг цэлийж, алсаас намхан уулсын нурууд харагдана. Адуу, сарлаг, ямаа, хонины сүрэг бэлчиж, тэдний чимээ хөндий даяар аяархан цуурайтна. Энд ямар нэгэн хашаа, зам, хилийн зааг байхгүй бөгөөд мал сүрэг нь дураараа бэлчих ба Оюунаагийнх шиг нүүдэлчин гэр бүлүүд тэднийг маллаж, зунжингаа энд нутаглаж байгаад өвөл болоход нөмөр дулаан өвөлжөө рүүгээ нүүдэг байна.

Миний хөтөч Нямдоржийн Жэк Монгол орны газар зүйн байршил нь тэдний соёл, хоолны өвд хэрхэн нөлөөлснийг тайлбарлаж өглөө. “Дэлхийн түвшнээс дээш өндөрлөг газарт байрладаг, урт бөгөөд хатуу өвөлтэй учраас энд газар тариалан эрхлэх маш хэцүү. Тиймээс бидэнд тариалангийн талбай бага байдаг. Үүний оронд Монголчууд олон зууны турш мал сүргээ даган улирлаар нүүдэллэж, мах, цагаан идээн дээрээ суурилж амьдарч ирсэн” гэж тэр хэлэв.

Оюунаагийн гэр бүлийн өдөр тутмын амьдрал мал саахаас эхлээд хоол ундаа бэлтгэх, гэр орны ажил, мал маллах гээд маш их хөдөлмөр шаарддаг. Энэ бүхэнд 4-өөс 17 насны хүүхдүүд нь хүртэл бүгд гар бие оролцоно. Тэд тоглохоо хойш тавин хоол хийхэд тусалж, эсвэл моринд сурамгай гэгч нь үсрэн мордож малаа хураадаг байна. Барууны загвартай Хүн-аалз, Адидас цамц эсвэл өнгөлөг дээлээр гоёсон тэдгээр хүүхдүүд морийг маш итгэлтэй, уран чадварлаг унах бөгөөд энэ нь тэдний цусанд байдаг байгалийн өгөгдөл гэлтэй.

Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж, эдийн засгийн шаардлага, боловсрол эзэмших хэрэгцээ болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хот, суурин газар руу нүүх Монголчуудын тоо нэмэгдсээр байна. Өнөө үед хүн амын ердөө гуравны нэг орчим хувь нь уламжлалт нүүдэлчин амьдралаа сонгон амьдарч байгаа бөгөөд тэд ч бас тог гаргагч генератор, хөргөгч, цахилгаан зуух, гар утас зэрэг орчин үеийн тав тухыг амьдралдаа ашиглаж байна.

Уламжлалаа хадгалж үлдэхүй

Зүүн зүгт 250 орчим милийн зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь Баруун Баянгийн хөндийн модлог голын урсгалыг даган Насанбуянгийн Нараа болон түүний гэр бүлийн гэр рүү ачааны машинаар зорилоо. Зүлэгт толгодын дундуур явсаар таван гэр, нэг жижиг саравч бүхий газарт ирлээ. Гэрийн гадна модон өлгүүрт хоёр том цагаан даавуун уут өлгөөд тавьчихсан байх бөгөөд доошоо торх руу шингэн зүйл дусалж байв.

Нараа биднийг угтан авахдаа хөх өнгийн урт дээл, тод улбар шар бүс, бүрх малгай өмссөн нь маш сүрлэг харагдуулж байлаа. Тэрээр гадаа өлгөсөн уутнууд нь үхрийн сүүг шүүж, ааруул хийх зориулалттай болохыг тайлбарлав. Хөргөгч бий болохоос өмнө цагаан идээ нь нүүдэлчдийн зуны цагт уураг авах гол хүнс байжээ. Үхэр, морь, ямаа, сарлагийн сүүг хатааж, шахаж, исгэдэг энэхүү аргуудыг өнөөдөр ч өргөнөөр ашигласаар байна.

Хажууханд ширээн дээр шар туяатай ааруул наранд хатаж байх бөгөөд Нараа надад нэг зүсмийг амсуулав. Хүрэхэд зөөлөн хэрнээ үйрмэг, хатаасан бас ялимгүй исгэлэн амттай энэ идээ нь маш хүчтэй чеддар бяслагийг санагдуулам бөгөөд амт нь хэлэн дээр удаан хадгалагдана.

Гэрт ортол түүний эхнэр Бүжээ намайг дулаахан инээмсэглэлээр угтаж, чангаар тэврүүлэв. Тэрээр цээжин дээрээ гялалзсан Найк (Nike) логотой цагаар цамц өмссөн байлаа. Гэрийн доторх жижигхэн орон зай маш тухтай, гэр бүлийн уур амьсгалтай: хана дагуулан тавьсан орнууд нь өдөр өөрөө сандал болж, хоёр намхан шүүгээн дээр гэр бүлийн зургуудыг жаазлан тавьжээ.

Урт ширээн дээр аль хэдийн хоол хүнс дүүрэн өрөгдсөн байв. Гэр бүлийнхэн намайг угтаж авахаар уламжлалт баярын хоол болох хорхог (халуун чулуугаар тогоонд жигнэж болгосон хонины мах) бэлтгэжээ. Энэхүү баярт зориулж өмнөх өдөр нь сүргээсээ нэг хонь гаргасан байна. Энэ бол үнэхээр гайхалтай дүр зураг: таваг болгон дээр махыг төрөл бүрээр нь уул шиг овоолсон байх бөгөөд гэр дотор шарсан махны тансаг үнэр анхилна. Үндсэн хоолыг дагалдуулж бууз, ааруул болон гамбир (чихэрлэг, тосонд шарсан талх) тавьжээ. Энэхүү элбэг дэлбэг ширээ нь Монголчуудын зочломтгой зан чанарын төгс илэрхийлэл бөгөөд намайг ширээнд сууж тавгаа дүүргэхэд тэд баяртай инээмсэглэж байв.

Ширээний голд тус улсын хамгийн өвөрмөц уламжлалт ундаа болох том шаазан хувин дүүрэн айраг буюу гүүний исгэсэн сүү байлаа. Энэхүү ундааг гаргаж авахын тулд морьдыг өдөрт 4-5 удаа саах шаардлагатай байдаг ч айрагны тэжээллэг чанар болон зочломтгой зан чанарт гүйцэтгэх үүрэг нь энэ бүх хөдөлмөрийг үнэ цэнтэй болгодог байна. Би жижигхэн шаазан аяганаас балгаж үзэв. Амт нь маш сонин, цэнхэр бяслагных шиг ялимгүй хурц атлаа хэлэн дээр үл ялиг хийжсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ нь маш шинэлэг бөгөөд өтгөн, тослог хонины махтай гайхалтай сайхан зохицож байсан ч миний хувьд нэг аяга уухад л хангалттай байлаа.

Хоолны дараа Жэк, Нараа хоёртой хамт суугаад нүүдэлчдийн тоо цөөрч буй энэ үед тэдний ирээдүйн талаар ярилцлаа. “Цаашид юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ нүүдэлчин ахуй бол бидний сүнс, зүрхэнд оршдог учраас Монголчууд энэ хэвээрээ амьдарсаар байна гэж найдаж байна” гэж Жэк хэлэв. Би ч бас тэгж найдаж байна. Энэхүү эртний амьдралын хэв маягийг биеэр мэдэрч, газар нутаг, өв соёл болон хоол хүнсний хоорондох ийм гүн гүнзгий холбоог олж харна гэдэг нэгэн бодлын маш том завшаан юм. Мал сүрэг нь үгний жинхэнэ утгаараа эрх дураараа бэлчих бөгөөд тэднийг олон үеийн турш харилцан хамааралтай амьдарч ирсэн хүндэтгэлээр малладаг байна. Энэ орны хоолны соёл нь тэдний ахуйг бүрэн илэрхийлдэг: энгийн бөгөөд практик, гэхдээ уудам тал нутгийн баялаг амтыг өөртөө шингээжээ. Хүмүүс хүнсний үйлдвэрлэл, байгалийн гарал үүслээс улам бүр холдож буй өнөөгийн ертөнцөд Монгол орон бидэнд байгалиас заяасан зүйлийг хүртэж амьдрахын жинхэнэ утга учрыг сануулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10