Электрон болон халаадаг тамхинд тавих шаардлагыг нарийвчилна
Тамхины тухай Хуулийн шинэчилсэн тодорхойлолтоор тамхин бүтээгдэхүүнд уламжлалт янжуур, дүнсэн тамхинаас гадна халаадаг тамхи, электрон тамхи, тэдгээрийн цэнэглэгч шингэн, эд анги, дагалдах хэрэгсэл, усан хоолойгоор татах бүтээгдэхүүн болон никотин агуулсан, эсвэл агуулаагүй зарим төрлийн бүтээгдэхүүнийг хамруулжээ.
Ингэснээр тамхины хяналтыг зөвхөн уламжлалт утаат тамхинд төвлөрүүлэхгүй, хэрэглээний бусад хэлбэрт ч хамааруулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ.
Мөн янжуур, халаадаг тамхи болон электрон тамхины шингэнд амт, үнэр оруулах бодис, бэлдмэл нэмэхийг хориглохоор тусгасан байна.
Электрон тамхины шингэний хэмжээ хоёр миллилитрээс, цэнэглэгч шингэний хэмжээ 10 миллилитрээс их байх, мөн электрон тамхины шингэн дэх никотины агууламж нэг миллилитрт 20 миллиграммаас давахыг хориглох өөрчлөлт оруулжээ.
Тамхины дотор болон гадна хайрцаг, сав баглаа боодол, татах төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгслийн нүүрэн талын гадаргуугийн 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн зурагт анхааруулга эзлэхээр заасан байна.
Тамхи татахыг хориглох орчныг өргөжүүлнэ
Одоогийн хуульд цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг, сувилал, орон сууцны нийтийн эзэмшлийн зарим хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт утаат тамхи татахыг хориглодог.
Харин шинэ зохицуулалтаар хоригийг өргөжүүлж, эмнэлэг, сувиллын гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламжид тамхи татахыг хориглох жагсаалтад хамруулжээ.
Мөн цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, хүүхдийн асрамжийн газар, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх газрыг тамхи татахыг хориглох орчинд тусгайлан нэрлэсэн байна.
Энд анхаарах нэг зүйл нь хуулийн шинэчилсэн найруулгаар хоригийг зөвхөн утаат тамхинд хамааруулсан хэллэгийг өөрчилж, хуульд тодорхойлсон тамхин бүтээгдэхүүний бусад хэлбэрийг хамруулахаар тусгасан явдал юм. Гэхдээ никотин агуулсан бүх бүтээгдэхүүнд ижил зохицуулалт үйлчлэх эсэхийг тухайн бүтээгдэхүүний ангилал, хуулийн холбогдох заалттай хамтатган ойлгох шаардлагатай.
Тамхинаас гарах эмчилгээ, тусламж үйлчилгээг дэмжинэ
Нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал хэсэг нь тамхины хамаарлаас гарахад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх зүйн үндсийг шинээр бий болгож байгаа явдал юм.
Г.ГАНЦЭЦЭГ








Нийгэм




