Гашуунсухайт — Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын урт гүүрийн угсралт дуусаж, барилгын ажил 65 хувьд хүрлээ.
Гашуунсухайт — Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн Багц-2 буюу урт гүүрийн барилгын ажлын хүрээнд нийт 760 дам нурууг угсарч дуусгасан бөгөөд дээд бүтцийн угсралтын ажил 25 хувьтай байна.
Гүүрийн дам нуруу угсралтын ажил дууссантай холбогдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Бямбаюугийн Артур, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзаняринпилийн Мөнхбат, “Чайна Энержи” (China Energy) групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Бао Фан, “Си-Ар-Би-Жи” (CRBG) компанийн Ерөнхий захирал Ли Гөнсью тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Гашуунсухайт — Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хамтын ажиллагааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ. Энэхүү бүтээн байгуулалт нь 1955 онд байгуулсан ‘Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр’-ээр эхлэл тавигдсан хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй, 70 жилийн дараа хэрэгжиж байгаа хоёр дахь төмөр замын хил холболт гэдгээрээ түүхэн ач холбогдолтой” хэмээн онцлов.
Тэрбээр мөн хоёр улсын Засгийн газар хооронд 21 жилийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд тус төслийг бодит ажил хэрэг болгон урагшлуулж чадсаныг тэмдэглээд, цаашид төслийг үе шаттайгаар, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хил дамнасан тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.
Төслийн техникийн үзүүлэлт ба бүтээн байгуулалт:
-
Замын урт: Нийт гол замын урт 19.5 км (дэлгэмэл урт нь 32.6 км).
-
Царигийн бүтэц: Өргөн (8.7 км) болон нарийн (10.8 км) царигтай хос төмөр зам.
-
Онцлох байгууламж: 8-31 метрийн өндөртэй, дан болон хос замын гүүрэн байгууламж бүхий томоохон инженерчлэл.
-
Ажиллах хүч: Өнөөдрийн байдлаар талбайд 866 инженер, техникийн ажилтан, 311 машин механизмтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
-
Хугацаа: Төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөжээ.
Эдийн засгийн ач холбогдол:
Төсөл хэрэгжиж ашиглалтад орсноор жилд тээвэрлэх ачааны хэмжээ 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн өртөг буурснаар экспортын өрсөлдөх чадвар үлэмж сайжрах юм. Мөн 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болно.
Түүнчлэн боомт, логистик, дэд бүтцийн өргөтгөлийг дагаж Өмнөговь аймаг болон хил орчмын бүс нутагт орон нутгийн бизнес, хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний салбарын шинэ боломжууд нээгдэх суурь тавигдаж байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг



