Өвлийг хэрхэн өнөтэй давах вэ гэдэг Улаанбаатарчуудын хувьд том сорилт болоод байна. 2025-2026 оны өвөл л гэхэд нийслэл даяар цахилгааны хязгаарлалт хийгдэж нийтээрээ зутарч байлаа. Цөөнгүй хүмүүс ч гэнэт цахилгаан тасраад байгаагаас болж эд хөрөнгөөрөө хохирч байсан. Зарим албан байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүйд ч хүрч байлаа. Энэ амаргүй цагийг эргэн сануулсны шалтгаан нь энэ өвөл ч бас дээрх савангийн дуурь үргэлжилж болзошгүй болоод байна.
Тодруулбал 2027 оны улсын төсөвт Эрчим хүчний салбарт 604.7 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Уг нь энэ тоо өнгөрсөн жилийнхээс 180 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тоо юм. Энэ нэмэгдсэн төсвөөр засвар сайжруулалт хийж, дулааны цахилгааны станцуудыг жаахан ч гэсэн тордох төлөвлөгөөтэй байж. Харамсалтай нь эрчим хүчний салбарын засвар, сайжруулалтад зарцуулах байсан төсвөөс 13.8 тэрбум төгрөгийг хасаж, оронд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх болсон байна. Энэ асуудал 2026 оны 10-р сарын 5-ны өдрийн УИХ чуулганаар дэмжигдэж байсан бол өнөөдөр буюу 10-р сарын 16-ны өдөр эцэслэн батлагдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан санаачилж бодит болгоод буй нь энэ юм.
Харин энэ тухай Эрчим хүчний сайд Б.Найдалаа өөрийн байр сууриа илэрхийлээд амжсан. Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Бид бөөн бодлого, тооцоо, ажил, яриа хэлцэл болж, ярилцсаар, хасаж талласаар энэ дүнд хүрсэн. Гэтэл өнөөдөр нэг гишүүн зүгээр л хүссэнээрээ "зарчмын зөрүүтэй" санал гаргаж санал хураалгаад 13.8 тэрбумыг нь өөр зориулалтаар болгож "дээрэмдлээ" гэв. Энэ 200 тэрбумын татаасны ард импортын үнийн өсөлтийг иргэдэд үүрүүлэхгүй байх, мөн засвар үйлчилгээгээ хийж өвөлд өнтэй орох бодлого зорилго байгаа юм. Төсвийг нь танаад байвал ямар ажил бүтэх билээ.
Г.ГАНЦЭЦЭГ





Нийгэм



