Дэлхийн шатны найман удаагийн рекордыг эзэмшигч, алдартай аялагч Шон Бёрч (Sean Burch) нэр хүндтэй “Psychology Today” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ өгүүлэлдээ Монголын Алтайн нуруунд өвлийн улиралд ганцаарчилсан авиралт хийж, Монгол улсын түүхэнд хамгийн олон анхны авиралт хийсэн хүн болж дэлхийн рекорд тогтоохдоо олж авсан сэтгэл зүйн асар том сургамжаа хуваалцжээ. Тэрээр "Монголын хатуу өвөл надад өөрийн сонголтдоо эзэн байх, хариуцлагаа хүлээх урлагийг хамгийн гүн гүнзгийгээр зааж өгсөн" хэмээн өгүүлсэн байна.
Бурууг тохох хэн нэгэн олдохгүй үед
Монголын хатуу ширүүн өвөл надад өөрийн сонголтдоо эзэн байх тухай юу зааж өгсөн бэ.
Би уулнаас хариуцлагаа ухамсарлах нэгэн төрлийн чадварыг сурч авсан юм. Энэ нь зөвхөн өөрийгөө буруутгах эсвэл алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх төдий зүйл биш юм. Энэ бол нөхцөл байдал яг ямар байна, түүнтэй шууд нүүр тулах, өөрт хамаатай зүйлээ өөрөө хариуцах, мөн амьдрал таны өмнөөс шийдвэр гаргахаас өмнө дараагийн алхмаа хийх бэлэн байдал юм.
Монголд байхдаа би хариуцлага гэдэг зүйлийг амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй тийм гүн гүнзгийгээр ухаарсан билээ.
Бүхэл бүтэн хоёр жилийн турш төлөвлөсний эцэст би Монголын түүхэнд хамгийн олон удаа ганцаарчилсан анхны авиралт хийх зорилгоо дэмжүүлэхээр өөрийн логистикийн багийг удирдан өвлийн Алтайн нурууг зорьсон юм. Би эцэст нь тус улсын түүхэнд хамгийн олон шинэ оргилд анхлан авирсан хүн болж дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ.
Гэвч миний сэтгэлд үлдсэн зүйл бол байлдан дагуулсан оргилуудын тоо биш юм.
Би тэр айхавтар хүйтнийг маш сайн санадаг.
Агаарын температур Цельсийн хасах 34 хэмээс (-30°F) доош бууж байлаа. Цасны нуралт, цасан шуурга, мөн намайг хөл дээрээ тогтохын аргагүй болгож байсан нүд нээхийн аргагүй хүчтэй салхи шуурга тавьж байв. Би биеийн дулаанаа алдаж, осгож эхэлсэн бөгөөд гар, хөлийн хуруунууд минь хөлдсөн. Миний зарим хурууны үзүүрүүд тас харлаж,тэсэхийн аргагүй тэсгим хүйтнээс болж арьс минь сайртаж, шархалж байлаа. Нэг удаа голын мөс цөмрөн би мөстэй ус руу унасан. Би гутал, цасны гутлаа уснаас татаж гаргах тэр мөчид энэ нь зүгээр нэг даарах тухай биш, харин цаг хугацаатай уралдсан амь үлдэхийн тулд байдгаараа зүтгэх үхлийн уралдаан болж хувирсан юм.
.jpg)
Тэр мөчүүдэд бүх хариуцлага зөвхөн минийх байсан. Энэхүү аяллыг би өөрөө санаачилж, ивээн тэтгэгчдээ олж, баазын баг болон логистикоо зохион байгуулж, өвлийн улиралд авиралт хийхээр өөрийгөө сорьсон сонголтыг би өөрөө л хийсэн. Миний баг зөвхөн үндсэн баазаас үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байв. Уулан дээр гаргах бүх шийдвэр зөвхөн минийх байсан.
Цаг агаар гайгүй болох үед ууланд өнгөрүүлсэн өдрүүд минь өөрөөсөө байнга асуулт асууж, өөрийгөө байцаасан өдрүүд байлаа: Би зөв хувцасласан уу? Би газар орны байдлыг зөв үнэлж байна уу? Би өөрийгөө хэтэрхий их шахаад байна уу? Хэрэв би алдаа гаргавал хэн ч намайг аврахаар ирэхгүй гэдгийг би мэдэж байсан.
Ууланд хуримтлуулсан туршлага минь тулгарсан асуудал, газар орны байдал, эсвэл цаг агаарын талаар маргаж мэтгэлцэх нь юуг ч өөрчлөхгүй гэдгийг надад сургасан. Би нөхцөл байдлыг бодитоор үнэлж, юу буруу болоод байгааг хүлээн зөвшөөрч, өөрийн гаргасан алдааг ухамсарлаж, анх төлөвлөсөн төлөвлөгөөндөө зууралдах биш, харин бодит байдалд тулгуурлан шийдвэр гаргах ёстой байв. Хэрэв би хэтэрхий их даарч, хурд минь саарч, эсвэл цаг агаар муудаж байвал би үүнийг сонголтдоо заавал тусгах ёстой байсан. Уулын спортод тулгарсан асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь таны амь насыг ч авч одож болно. Зөвхөн анх төлөвлөсөн учраас үргэлжлүүлнэ гэдэг нь зориг биш. Энэ нь харин ч гэнэггүй, мунхаг үйлдэл болох байсан юм.
Үүнээс хойш би ажил дээрээ ч, гэртээ ч, харилцаандаа ч, эсвэл ямар нэгэн хүнд нөхцөл байдалд орсон үедээ ч өөрөөсөө байнга асуух ёстой нэгэн асуулт байдаг гэдэгт итгэдэг болсон: “Үүний аль хэсэг нь миний хариуцлага вэ?”
Хүмүүс өөрийгөө шүүмжлэх болон өөрийн хариуцлагыг ухамсарлах хоёрыг хооронд нь амархан андуурдаг гэж би боддог. Юм буруугаар эргэсний дараа өөрийн буруу байсан ч, байгаагүй ч өөрийгөө зэмлэж, тарчилгах нь дараагийн алхмыг илүү дээр хийхэд заавал тус болдоггүй.
Хариуцлага ухамсарлах чадвар нь хямрал эхлэхээс өмнө бий болдог. Энэ нь үл тоомсорлож болохгүй дохиог урьдчилан таних, бэлдэж болох зүйлсдээ бэлтгэлтэй байх, мөн бүх зүйл төлөвлөсний дагуу болоогүй үед өөрт ногдох хэсгийг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Та тухайн асуудлыг үүсгээгүй байж болох ч, дараагийн хийх алхмынхаа хариуцлагыг хэзээд өөрөө л хүлээнэ.
Тийм ч учраас би байгаль дэлхий рүү, аялал хайгуул, сорилт бэрхшээл рүү дахин дахин тэмүүлсээр байдаг. Уулс таныг сайн санаа, бусдыг буруутгах сэтгэл, эсвэл тухайн нөхцөл байдалд тохирохоо байсан хуучин төлөвлөгөөний цаагуур нуугдахыг хэзээ ч зөвшөөрдөггүй. Тэд таныг бодит байдалтай нүүр тулгаж, өөрийнхөө хариуцах ёстой зүйлийг олж харахыг шаарддаг бөгөөд эргэлзэж тээнэгэлзэх нь анхны асуудлаас илүү том аюул болохоос өмнө хөдлөхийг шаарддаг.
Амьдрал бол зүгээр нэг цагаан цаас биш. Харилцаа, карьер, санхүү, эрүүл мэнд болон хагацал гэдэг зүйлс нь газрын зураг дээрх зам шиг тийм амархан сонголтыг бидэнд олгодоггүй. Гэвч хамгийн суурь асуулт хэвээрээ л үлддэг: "Үүний аль хэсэг нь миний хариуцлага вэ?" Үүний хариулт нь нөхцөл байдлыг байгаагаар нь харах, өөрийн нөлөөлж чадах зүйлээ ухамсарлах, мөн үнэхээр чухал хэсэгт нь зоригтой алхам хийхээс эхэлдэг.
Монгол орон надад хариуцлагатай байлаа гээд амьдралын шуурга намдчихдаггүйг ухааруулсан. Харин тэрхүү шуургыг сөрөх дотоод хүч, өөрийн сонголтдоо эзэн байхын утга учрыг зааж өгсөн билээ. Энэ нь хэчнээн хүнд үед ч өөрөө шийдэж, өөрөө туулах ёстой амьдралынхаа тэр хэсэгтэй таныг байнга холбож, урагш алхуулдаг юм.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




