Казахстаны нийслэл Астана хотноо 2026 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд 10 дахь удаагийн "Астана медиа долоо хоног" (Astana Media Week) олон улсын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганаар Төв Ази болон бусад бүс нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан цуглаж, хиймэл оюун ухаан (AI) сэтгүүл зүйд авчирч буй боломж болон эрсдэлийн талаар голчлон хэлэлцсэн байна.
Энэхүү сэдвийн хүрээнд Казахстаны цахим хэвлэлийн ахмад зүтгэлтэн Жанибек Сулеев болон "Orda.kz" сайтын ерөнхий редактор асан Александр Смолин нарын хуваалцсан сонирхолтой байр суурийг хүргэж байна.
1. Мэдээлэл бүтээх салбарт гарч буй шинэ хувьсгал
Хиймэл оюун ухаан нь хэдхэн секундийн дотор асар их хэмжээний бичвэр, контент бэлтгэж чадаж байгаа ч сэтгүүлчийн оюун ухаан, мэдрэмжийг хэзээ ч орлож чадахгүй гэдгийг Жанибек Сулеев онцоллоо. Тэрээр: "Би хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний хувьд ерөөл үү, эсвэл хараал уу гэдгийг шууд хэлж мэдэхгүй, энэ бол гүн ухаантнуудын асуулт" хэмээгээд 2000-ад оны хэвлэлийн цахим шилжилттэй үүнийг зэрэгцүүлжээ. Тэр үед сониноос компьютер руу шилжих нь хачин санагдаж байсан ч одоо энгийн амьдралын хэв маяг болсон шиг хиймэл оюун ухаан ч мөн адил мэдээлэл бүтээх өртгийг маш ихээр бууруулж байна.
2. Сэтгүүлчдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх эрх
Технологийн энэхүү үсрэлт хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүгийн хүндрэл учруулж эхэлжээ. Хайлтын системүүд хиймэл оюун ухаанаар бэлтгэсэн хариултыг хэрэглэгчдэд шууд үзүүлдэг болсноор, мэдээллийг анхлан бэлтгэсэн сайтуудын хандалт (traffic) болон сурталчилгааны орлого эрс буурсан байна. Reuters институтийн судалгаагаар, 2024 оноос 2025 оны хооронд дэлхийн 2,500 гаруй мэдээллийн сайтын Google-ээс авах хандалт 33 хувиар буурчээ. Тиймээс "The New York Times", "The Economist" зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүд нэгдэн, хиймэл оюун ухааны компаниудаас өөрсдийн бүтээлийг ашигласных нь төлөө шударгаар нөхөн төлбөр, хураамж авах хууль эрх зүйн орчныг шаардаж эхэлснийг Сулеев дурдлаа.
3. "Хиймэл оюуныг ашиглахын тулд өөрийн оюунаа хөгжүүл"
Александр Смолин хиймэл оюун ухааныг сэтгүүлчийн ажлыг хөнгөвчлөх шилдэг туслах гэж үзэж байгаа ч түүнд сохороор итгэх нь маш аюултайг анхааруулав. Тэрээр: "Миний дуртай нэг үг байдаг: Хиймэл оюун ухааныг ашиглахын тулд хүн өөрийнхөө унаган оюун ухааныг (intelligence) хөгжүүлэх хэрэгтэй" гэжээ. Зарим мэдээллийн өрөөнд хиймэл оюунд хэт найдаж, худал эсвэл зохиомол мэдээлэл (AI hallucinations) цацсаныхаа төлөө уучлалт гуйх тохиолдол байнга гарах болсон байна. Жижиг редакцууд мэдээ бичих ажлаа системд даатгаж байгаа ч энэ нь урт хугацаандаа амжилт олохгүй. Учир нь "Машин үргэлж бэлэн загвараар (template) сэтгэдэг, харин мэдээг уншууртай, амьд болгодог зүйл бол зөвхөн хүний үзэл бодол, амьд мэдрэмж юм" гэж Смолин үзэж байна.
4. Хууль эрх зүйн зохицуулалт ба Хариуцлага
Казахстаны Соёл, мэдээллийн тэргүүн дэд сайд Канат Искаков чуулганы үеэр хэлэхдээ, алгоритм мэдээ бичиж чадах ч тэрээр өөрийнхөө бичсэн үгийн төлөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээж чадахгүй, тиймээс хариуцлага хэзээд сэтгүүлч болон редакцын дээр үлдэнэ гэдгийг санууллаа.
Казахстан улсад 2026 оны 1-р сарын 18-наас эхлэн "Хиймэл оюун ухааны тухай хууль" хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулиар хиймэл оюунаар бүтээсэн бүх төрлийн бичвэр, зураг, контентод тусгай "AI" гэсэн таних тэмдэг, шошгыг заавал байршуулахыг шаарддаг болсон байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хиймэл оюуны аюулгүй байдлыг хангах АНУ-ын "Вашингтоны загвар" санаачилгыг дэмжиж, НҮБ-ын хэмжээнд олон улсын гэрээ болгон хөгжүүлэх санал дэвшүүлээд байгаа аж.
Хиймэл оюун ухаан мэдээллийн салбарыг улам хурдан, улам хямд болгож байгаа ч түүнийг дагаад мэдээллийн үнэ цэнэ, түүнд итгэх иргэдийн итгэл улам бүдгэрсээр байна. Энэхүү технологийн шуурга дунд сэтгүүл зүйн хамгийн гол зэвсэг болох "Баримтыг нягтлах" (Fact-checking) болон хүний амьд харилцаа л үнэн мэдээллийг хамгаалж үлдэх цорын ганц бамбай хэвээр үлдэх нь.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




