ОХУ-д ажил хөдөлмөр эрхэлж, амьдарч буй Төв Азийн орнуудын иргэдийг албадан, хууран мэхлэх замаар цэргийн гэрээнд гарын үсэг зуруулж, Украины дайн руу илгээж буй ноцтой асуудал үүсээд байгааг Кыргызстан болон Казахстаны Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдээлснийг "Pamir Inside" цахим хуудас дамжууллаа.
Кыргызстаны ГХЯ: Сэжигтэн, ялтануудыг СИЗО-д байхад нь дарамталдаг
Кыргызстаны Гадаад хэргийн министр Жээнбек Кулубаев аравдугаар сарын 13-ны өдөр парламентын хорооны хуралдаанд мэдээлэл хийхдээ, тус улсын иргэд Оросын цэрэг татлагын товчоо болон мөрдөн байцаах, урьдчилан хорих төвүүдэд (СИЗО) байхдаа цэргийн гэрээнд хүчээр гарын үсэг зурах дарамт шахалттай байнга тулгарч байгааг баталсан байна.
Хэрэв тухайн иргэнийг цэргийн анги руу хуваарилахаас өмнө ар гэрийнхэн нь кыргыз дипломатуудад цаг алдалгүй хандвал хөндлөнгийн оролцоо хийж, дайн руу явуулахыг нь зогсоох боломж байдаг аж. Харин нэгэнт байлдааны бүс рүү очсон тохиолдолд буцааж авчрах нь маш хүнд бөгөөд Украины Киев хотод суугаа Элчин сайдын яамаар дамжуулан холбоо тогтоохыг хичээж байна гэв. Олон иргэд гэрээ байгуулснаа гэр бүлээсээ нуудаг бөгөөд ар гэрийнхэн нь тэднийг фронтод очсон, шархадсан эсвэл амиа алдсаны дараа л олж мэддэг байна.
Казахстан улс Орост албан шаардлага хүргүүлэв
Энэхүү хүнд нөхцөл байдал Казахстан улсыг ч мөн тойрсонгүй. Аравдугаар сарын эхээр Казахстаны ГХЙ-наас Оросын талд хандан өөрийн улсын иргэдийг цэргийн албанаас чөлөөлж, буцааж өгөхийг шаардсан албан ёсны нот бичиг илгээжээ.
Орост хар ажил хийхээр очсон залуусыг "Хамгаалалтын компанид ажиллуулна" хэмээн урьж, бичиг баримт бүрдүүлэх явцдаа дунд нь цэргийн гэрээг нууцаар шургуулан гарын үсэг зуруулж, дараа нь Украины эзлэгдсэн газар нутаг руу хүчээр авч явсан хэд хэдэн тохиолдол баримтаар тогтоогдсон байна.
Оросын армид Төв Азийн хэдэн иргэн байна вэ?
ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс гадаадын хэчнээн иргэн гэрээгээр алба хааж буй албан ёсны тоог нууцалдаг. Харин Украины төрийн өмчит "Хочу жить" (Амьдармаар байна) төслийн багийнхан Оросын армид гэрээ байгуулан тулалдаж буй Төв Азийн 12,666 иргэний биеийн байцаалтыг тогтоосноо зарлажээ. Уг жагсаалтад:
-
Кыргызстан улсын — 1,439 иргэн
-
Казахстан улсын — 2,389 иргэн бүртгэгдсэн байна.
Одоогоор Украины тал эдгээр мэдээллийг үргжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бусад хараат бус эх сурвалжуудаар эдгээр тоог эцэслэн батлах боломжгүй байгааг дурджээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад




