Ромын Пап Лев XIV 10-р сарын 26-ны өглөө Монголын Бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам, 30 дахь Хамба Номун хан Дуламрагчаагийн Жавзандорж болон Улаанбаатар хотын Католик шашны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Кардинал Жоржо Маренго нарыг албан ёсоор хүлээн авч уулзлаа.
Кардинал Ж.Маренго Fides News Agency агентлагт өгсөн ярилцлагадаа: „Монгол дахь Католик сүм болон Бурхны шашинтнуудын хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны чухал харилцаанд бид маш их баяртай байна. Уулзалт маш найрсаг, дотно боллоо. Пап Лев XIV-ийн найрсаг, өгөөмөр занд бид гүнээ талархаж байна. Тэрбээр маш шахуу хөтөлбөртэй, мөн биеийн эрүүл мэндээ нөхөн сэргээж байгаа хэдий ч Хамба лам Дуламрагчаагийн Жавзандоржтой биечлэн уулзахыг хүссэн юм. Улаанбаатар дахь Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгчдийг хүлээн авсан Ариун Эцгийн энэхүү элэгсэг дотно алхамд бид туйлын их баярлаж байна“ хэмээн онцлов.
Тус төлөөлөгчдийг Монгол Улсаас Итали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дансрангийн Булган болон Ромын Папын Гэгээн Томас Аквинасын нэрэмжит их сургуулийн (Анжеликум) Эртний Христийн теологи, шашин хоорондын харилцааны тэнхимийн профессор Томас Каттой нар дагалдан явжээ.
Энх тайвны бэлгэдэл болсон монгол зураг ба Гэгээн Петрийн цогчин дуганы мөргөл
Кардинал Ж.Маренго "Нийгмийн сайн сайхан болон дэлхийн энх тайвны төлөөх энэхүү хамтын түншлэл нь Хамба лам Дуламрагчаагаас Жавзандоржоос Пап Лев XIV-д барьсан бэлгээр маш тод илэрхийлэгдсэн" гэдгийг дурдлаа. Тус бэлэг нь Гандантэгчинлэн хийдийн уран зургийн урлангийн мастеруудын хамба ламын зааварчилгааны дагуу зурсан монгол зураг (үүнээс өмнөх эх сурвалжид дурдсанаар Цагаан өвгөн болон дөрвөн хүчтэний бэлгэдэл) юм. Энэхүү бүтээл нь урт насалж, удаан жаргах, олон ургальч байдлыг нэгтгэж хүч чадал болгох, энх тайван ирээдүйг зөгнөсөн гүн утга учиртай бөгөөд Гандан хийдийн гол дуганыг дүрсэлсэн монгол үндэсний хэв маягтай ажээ.
Пап ламд бараалхсаны дараа Монголын бурхны шашны төлөөлөгчид Гэгээн Петрийн цогчин дуганы ариун орон зайтай танилцаж, Гэгээн Петрийн бунхны дэргэд саатан соёлын болон оюун санааны хүндэтгэл үзүүлсэн байна.
Энэ нь Ромын Пап Монголын бурхны шашны төлөөлөгчдийг хүлээн авч буй гурав дахь удаагийн түүхэн үйл явдал юм. Анх 2022 оны 5 дугаар сарын 28-нд Пап Францис хоёр орны дипломат харилцааны 30 жилийн ойгоор Монголын бурхны шашны төлөөлөгчдийг хүлээн авч байсан бол хоёр дахь нь 2025 оны 1 дүгээр сарын 13-нд Пап Францис Хамба лам Д.Жавзандорж, Кардинал Ж.Маренго нарыг хүлээн авч уулзсан түүхтэй. Мөн 2025 оны 10 дугаар сард Монголын лам хуврагууд Пап Лев XIV-ийн байлцаан дор „Nostra Aetate“ тунхаглалын 60 жилийн ойд оролцож байжээ.
Гандантэгчинлэн хийдийн түүхэн үүрэг ба Хамба лам Дуламрагчаагийн Жавзандорж
Өчигдрийн уулзалт нь Гандантэгчинлэн хийдийн Монголын нийгэмд гүйцэтгэх үүргийн хувьд асар их ач холбогдолтой юм. XIX зууны эхний хагаст байгуулагдсан Гандан хийд нь 1990 оны ардчилсан шилжилтийн дараа бурхны шашныг дахин сэргээх гол тулгуур болсон билээ. Өдгөө тус хийд нь философийн (цанидын) гурван дацан, зан үйлийн хэд хэдэн дацантай бөгөөд Монголын Бурхны Шашны Их Сургуулийг ажиллуулдаг байна хэмээн Ватиканы албан ёсны сайт Fides News Agency бичжээ.
Ромын Паптай хийсэн энэхүү уулзалт нь цаг хугацааны явцад бэхжсэн итгэлцэл, нөхөрлөлийн илрэл юм. Тухайлбал, 2025 оны 2 дугаар сард Пап Францис эмнэлэгт хэвтэж байх үед Хамба лам Гандан хийдийн лам нарын сэтгэлийн дэмжлэгийг илэрхийлсэн тамга, гарын үсэг бүхий захидлыг Папын Элчин сайдад хүргүүлж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хүсэлтээр Пап ламын эрүүл мэндийн төлөө ном хуруулж байжээ. Мөн Пап Францисыг таалал төгсөхөд тус хийд хойд үйлсийн буян ном уншиж, шинэ Пап лам сонгогдоход дахин сэтгэлийн дэмжлэгээ илэрхийлж байсан юм.
1980 онд төрсөн Хамба лам Д.Жавзандорж нь 2023 оны 11 дүгээр сард Гандан хийдийн тэргүүнээр сонгогдсон, бурхны шашны том зүтгэлтэн юм. Тэрбээр 1991 онд хийдэд шавилан сууж, 1998 онд Энэтхэгийн Брайбун Гоман дацанд суралцахаар явж, 2001 онд сахил хүртжээ. Улмаар 2017 онд Гэлүгбагийн уламжлалын хамгийн дээд эрдмийн зэрэг болох Гэвш Лхарамба цолыг 1000 гаруй нэр дэвшигчдээс нэгдүгээр байраар шалгаран хамгаалж, Гьюдо дацанд тарнийн ухааныг гүнзгийрүүлэн судалсан байна.
Кардинал Ж.Маренго: "Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа бол Монгол дахь Католик сүмийн үйл ажиллагааны гол цөм юм. Энэхүү уулзалт нь нийт нийгэмд эерэг зөв мессежийг хүргэж байна. Шашны уламжлалууд хоорондоо ийнхүү хэлэлцэх үед тус бүрдээ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулж, энх тайван, харилцан хүндэтгэлд суурилсан өнөөдөр болон ирээдүйг бүтээх түншүүд болдог" хэмээв.
Католик сүм нь Монгол Улсад 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Бурхны шашинтай хийх яриа хэлэлцээг гол зорилгоо болгодог. Тэд эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотод яриа хэлэлцээний төвийг нээсэн байдаг.
Монгол дахь Бурхны шашны уламжлал ба Өндөр гэгээн Занабазар
Бурхны шашин бол Монголд хамгийн өргөн тархсан шашин юм. 1992 оны Үндсэн хуулиар төр, сүмийн харилцааг заагласан хэдий ч 1993 оны Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд „Төрөөс ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн уламжлалыг хангах үүднээс Бурхны шашны зонхилох байр суурийг хүндэтгэнэ“ гэж заасан байдаг. Монголын түүхчид Бурхны шашныг Монголд гурван их давалгаагаар дэлгэрсэн гэж үздэг. Анхны давалгаа нь манай эриний эхэн үед Төв Азиар дамжин Иргэншлийн замаар орж ирсэн (V зууны үед батлагдсан), хоёр дахь нь Монголын эзэнт гүрний үед Хубилай хаан Төвөдийн буддизмыг дэмжсэнээр, гурав дахь нь XVI зуунд буюу 1578 онд Алтан хан Төвөдийн хамба Содномжамцад "Далай лам" цол олгож, холбоо тогтоосноор бэхжсэн түүхтэй.
Хамба лам Д.Жавзандорж нэгэн ярилцлагадаа Монголын Бурхны шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын (1635–1723) гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцолжээ. Тэрбээр: "Монголын Бурхны шашны гурав дахь давалгаа нь Чингис хааны алтан ургийн шууд залгамжлагч Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазартай салшгүй холбоотой гэдгээрээ маш өвөрмөц юм. Түүний удирдлага дор Монголын бурхны шашны үндсэн бүтэц хэлбэрээ олсон. Өндөр гэгээн Занабазар бурхны шашны уламжлалт арван ухааныг, ялангуяа урлаг, гар урлал, дотоод сэтгэлийн ухааныг чадварлаг хослуулж, Монголд цэцэглэн хөгжихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Манай хийдийн боловсролын систем, судар номын орчуулга, түүний тогтоосон лам хуврагуудын хувцасны өвөрмөц хэв маяг, баялаг бэлгэдэл, түүнчлэн сүм хийдийн архитектур, унзад ламын уншлага зэрэг нь биднийг бусад уламжлалаас ялгаж өгдөг" хэмээжээ. Мөн тэрбээр Монгол Улс бол Бурхан багшийн зарлиг "Ганжуур" болон Энэтхэгийн мэргэдийн тайлбар "Данжуур"-ыг бүхэлд нь өөрийн хэлнээ орчуулсан цөөхөн үндэстний нэг гэдгийг дурдсан байна.
Маргааш буюу 10 дугаар сарын 27-ны мягмар гарагт Кардинал Ж.Маренго болон Хамба лам Д.Жавзандорж нар Ассизи хотноо болох Дэлхийн энхийн төлөөх залбирлын хаалтын цугларалтад оролцоно. Уг арга хэмжээг Гэгээн Иоанн Павел II-ын 1986 онд санаачилсан Энхийн төлөөх залбирлын өдрийн 40 жилийн ойд зориулан Гэгээн Эгидийн (Sant'Egidio) нийгэмлэгээс зохион байгуулж байгаа юм. Пап лам уг хуралд биечлэн оролцохгүй хэдий ч оролцогчдод хандан илгээлт явуулахаар болжээ.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




