Япон улсын элчин сайд Масарү Игавахара Өмнөговь аймагт айлчилж, Сэврэй суманд зохион байгуулагдсан “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл II”-ийн нээлтэд оролцов. Уг үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Сэврэй сумын ИТХ-ын дарга Ч.Огтбиш зэрэг холбогдох албан тушаалтнууд болон Сэврэй сумын иргэд, сургуулийн сурагчид оролцлоо.
Элчин сайд М.Игавахара хэлсэн үгэндээ “2027 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох бөгөөд баянбүрдтэй залгаа оршиж байгалийн үзэсгэлэнт Хонгор элс харагдах энэхүү газарт хэрэгжиж буй Япон, Монголын хамтын ажиллагаа нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж, энд суугаа иргэд та бүхний амьдралд бодит үр өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна. Орон нутгийн иргэд, хүүхэд багачууд та бүхэн өнөөдөр тарьсан загийн суулгацыг хайрлан хамгаалж, ургуулан тордсоноор заган ой гайхалтайгаар нөхөн сэргэж баянбүрд говь нутгийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Өмнөговь аймгийн холбогдох албан тушаалтнууд болон Сэврэй сумын иргэдийн зүгээс цөлжилт болон элсний нүүдлээс үүдэх хор уршигтай нүүр тулж буй Өмнөговь аймагт 2024 онд хэрэгжүүлсэн төслийн нэгэн адил, энэ удаагийн төслийн хэрэгжилтийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлж байлаа.
Нээлтийн үйл ажиллагааны дараа төсөл эхэлснийг тэмдэглэж дурсгалын мод тарих ажил зохион байгууллаа.
Энэхүү төслийг Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Өмнөговь аймгийн Байгаль орчны газар болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болох “Ойска Монгол”-той хамтран хэрэгжүүлэх юм.
ТАТАР МАЙДАР





Нийгэм




