Серби улсад өнгөрөгч ням гарагт (10 дугаар сарын 25) болсон Парламентын ээлжит бус сонгуулиар тус улсын улс төрд хүчтэй эргэлт боллоо. Оюутнуудын тэмцлээс эхэлж, улмаар олон нийтийн хүчтэй дэмжлэгийг авсан "Оюутны жагсаалт" (Student List) хөдөлгөөн 52.45 хувийн санал авч, түүхэн ялалт байгуулсан юм. Энэ сонгууль Сербийн улс төрийг сүүлийн 14 жил тасралтгүй удирдсан Ерөнхийлөгч Александр Вучичийн Прогрессив нам (SNS)-ыг ялж, эрх мэдлийг нь шилжүүлсэн түүхэн эргэлт болсон билээ.
Шинэ парламентын 250 суудлаас оюутны дэвшүүлсэн хөдөлгөөн 138-ыг нь авсан бол Вучичийн нам 103 суудалтай үлджээ. Энэхүү түүхэн ялалтын гол нууц нь сонгуулийн булхайг таслан зогсоож, хяналтыг маш өндөр түвшинд зохион байгуулсанд байсан талаар тэмцлийн оролцогчид "FRANCE 24" агентлагт дэлгэрэнгүй ярьжээ.

Оюутнуудын хөдөлгөөн хэрхэн үүссэн бэ?
Энэхүү хөдөлгөөн нь тэртээ 2024 оны 11 дүгээр сарын 1-нд Нови Сад хотын төмөр замын вокзалын саравч нурж, 16 хүний амь нас хохирсон аймшигт ослоос үүдэлтэй юм. Авлига, хариуцлагагүй байдлаас болж хүний амь эрсэдсэнд дургүйцсэн оюутнууд эхэндээ нам бус хөдөлгөөн өрнүүлж байсан ч яваандаа институцийн шинэчлэл хийхийн тулд сонгуульд оролцохоор шийджээ. Тэд өөрсдөө нэр дэвшихээс татгалзаж, харин их дээд суургуулиудын дунд ардчилсан байдлаар шалгаруулсан, улс төрд урьд нь огт хутгалдаж байгаагүй өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг сонгуульд нэр дэвшүүлсэн байна.
16,000 албан ёсны ажиглагч бэлтгэсэн нь
Сонгуулийн ирц 69 хувьд хүрч, 4.4 сая гаруй иргэн саналаа өгсөн нь 2023 оны сонгуулийн ирцээс (55.5%) үлэмж өндөр байлаа. Оюутны хөдөлгөөнөөс сонгуулийн булхайтай тэмцэх асар том сүлжээг нэг жил хагасын хугацаанд бэлтгэсэн байна.
-
Албан ёсны ажиглагчид: Сонгуулийн хэсэг хороо бүрд 2 хүн буюу нийт 16,000 гаруй албан ёсны хянагчдыг сургаж байршуулжээ.
-
Явуулын багууд: Хэсгийн хорооны гаднах орчныг хянах, иргэдийг айлган сүрдүүлэх, мөнгө тараах, булхайг илрүүлэх зорилгоор хэсэг бүрд 5 хүний бүрэлдэхүүнтэй явуулын багуудыг ажиллуулсан байна. Түүнчлэн явуулын багуудад халдлага, дарамт ирэх үед байдлыг зохицуулах зорилгоор мотоциклтой залуусын тусгай багууд хамт ажиллажээ.
Сонгуулийн үеэр илэрсэн гол булхайнууд:
Хяналтын багуудын мэдээлснээр сонгуулийн өдөр эрх баригч намын зүгээс дараах хууль бус үйлдлүүдийг идэвхтэй гаргаж байсныг баримтжуулан таслан зогсоожээ.
-
Параллель жагсаалт (Сонгогчдын давхар бүртгэл): Албан ёсны бүртгэлээс гадуур, сонгогчдод шахалт үзүүлэх зорилгоор ашигладаг давхар жагсаалтуудыг илрүүлсэн байна. Сонгуулийн өмнөхөн нэг хаяг дээр олноор нь шилжүүлэн бүртгэсэн 14,100 шинэ сонгогч илэрсэн нь сэжиг төрүүлжээ.
-
"Тойрог" хэлбэрийн санал хураалт: Сонгогчдод урьдчилан тэмдэглэсэн саналын хуудсыг гаднаас өгч оруулаад, хэсгийн хорооноос авсан хоосон хуудсыг нь баталгаа болгон гаргаж ирүүлдэг луйврыг олноор нь илрүүлсэн аж.
-
Хөшигтэй бүхээг ба зураг дарах үйлдэл: Вучичийн заавраар сонгуульд хөшигтэй бүхээг ашиглаж байсан нь иргэдийг өөрийн өгсөн саналын хуудсыг зураг авч, дарга болон мөнгө өгсөн хүмүүстээ баталгаа болгон үзүүлэх боломжийг олгож байжээ. Ажиглагчдын мэдээлснээр хэсгийн хороодын 50 гаруй хувьд саналын хуудасны зураг авах зөрчил илэрсэн байна.
Сонгуулийн үеэр зөрчил илрүүлсэн явуулын багийн гишүүдийг баг зүүсэн бүлэг хүмүүс чулуугаар цохиж, гар болон толгойг нь бэртээсэн хэд хэдэн ноцтой халдлага гарсан хэдий ч иргэд байр суурин дээрээ хатуу зогсож чаджээ.
Ардчиллын ажиглагч байгууллагуудын зүгээс: "Энэ удаагийн сонгуулиар Сербийн иргэд дүрмийг чанд сахиж, хяналтад өөрсдөө идэвхтэй оролцсоны ачаар луйвар хийх боломжийг эрс хязгаарлаж чадсан. Сонгуулийн түүхэнд анх удаа хэсгийн хороод маш сайн бэлтгэгдсэн иргэдийн төлөөллөөр дүүрэн байлаа" хэмээн дүгнэсэн байна. Ерөнхийлөгч А.Вучич албан ёсоор ялагдлаа хүлээн зөвшөөрснөөр тус улсад 14 жил үргэлжилсэн нэг намын ноёрхол эцэс боллоо. Оюутны хөдөлгөөний дараагийн том сорилт нь ирэх 2026 оны 12 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль байх юм.
ТАТАР МАЙДАР






Гадаад




