Японы харилцаа холбооны томоохон корпорац KDDI нь Монголын үүрэн холбооны оператор Мобиком Корпорацын толгой компани юм. Тус компани Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэртэй холбогдуулан аравдугаар сарын 23-нд албан ёсны мэдэгдэл гаргаж, Монголын ард иргэд болон холбогдох талуудаас уучлал хүссэн байна.
KDDI-ийн мэдээлснээр, 2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр Мобикомын үйл ажиллагаатай холбоотой аж. Тус компани түймрийн нөхцөл байдал, шалтгааныг Монголын эрх бүхий байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд Мобиком болон түүний ажилтнууд шалгалтад бүрэн хамтран ажиллаж байгааг мэдэгджээ. Мөн одоогоор тогтоосон нөхцөл байдлын хүрээнд ажилтнууд нь бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
KDDI нь 1984 онд үүсгэн байгуулагдсан Японы харилцаа холбооны корпорац бөгөөд 2000 онд KDD, DDI, IDO компаниуд нэгдсэнээр өнөөгийн бүтэц бүрэлджээ. Төв байр нь Токио хотын Минато дүүрэгт байрладаг бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар охин компаниудаа оролцуулан 73 мянга гаруй ажилтантай байв.
Тус корпорац нь Японы зах зээлд “au” үүрэн холбооны брэндээрээ танигдсан бөгөөд UQ mobile, povo зэрэг брэндээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна суурин холбоо, интернэт, олон улсын дата төвийн үйлчилгээ зэрэг харилцаа холбооны салбарын олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.
KDDI-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн дунд Toyota Motor болон Kyocera корпорацууд багтдаг. 2026 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар Kyocera тус компанийн 14.75 хувь, Toyota Motor 9.54 хувийг эзэмшиж байжээ.
Монголын хувьд KDDI нь Мобикомын толгой компани гэдгээрээ танигдсан. Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудалтай холбогдуулан тус корпорац уучлал хүсэж, Монголын холбогдох байгууллагуудын шалгалтад хамтран ажиллахаа мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Харин түймрийн шалтгаан, хариуцлагын асуудлыг Монголын эрх бүхий байгууллагуудын шалгалтын дүнгээр эцэслэн тогтоох юм.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




