Энэ сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийх “Grand Theft Auto VI” видео тоглоом нь АНУ-ын эдийн засагт нэг өдрийн дотор 1 тэрбум орчим ам.долларын бүтээмжийн алдагдал учруулж болзошгүй гэсэн тооцоо гарчээ.
Испанийн Помпеу Фабра их сургуулийн эдийн засагч, профессор Хосе Гарсиа Монтальвогийн гаргасан албан бус тооцооллоор нээлтийн өдөр АНУ-ын 1.5 сая орчим ажилтан тоглоом тоглох зорилгоор чөлөө авах эсвэл өвчтэй хэмээн ажлаа таслах магадлалтай байна. Нэг ажилтны өдрийн дундаж бүтээмж болон алдагдсан ажлын цагийг үнэлбэл энэ нь нийт 1 тэрбум ам.долларын уналттай тэнцэж байгаа аж. Түүнчлэн хүний нөөцийн удирдлагын “BambooHR” платформ дээр арваннэгдүгээр сарын 19-ний өдөр амралт, чөлөө авах хүсэлт ердийн үеэс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт гарсан байна.
Үүнтэй ижил тохиолдол 2013 онд тус цувралын өмнөх анги гарах үед мөн болж байжээ. Тухайн үед АНУ-ын томоохон мегаполис хотуудын 18-35 насны ажил эрхлэгчдийн зургаан орчим хувь нь тоглоом тоглож өнжихийн тулд ажилдаа очоогүй түүхтэй юм.
Гэсэн хэдий ч зарим эдийн засагчид уг тооцоог бодит байдлаас хэт дөвийлгөсөн гэж үзэж байна. Тухайлбал, АНУ-ын Ариун Загалмайн коллежийн (College of the Holy Cross) эдийн засагч Виктор Мэтисон уг судалгааны нарийвчилсан өгөгдөл албан ёсоор хэвлэгдээгүйг онцолжээ. Мөн шинжээчид ажилчид нэг өдөр чөлөө авснаар эдийн засгийн баялаг шууд устахгүй бөгөөд хойшлогдсон ажлыг дараа нь нөхөх боломжтой гэдгийг дурдсан байна. Харин ч эсрэгээрээ тоглоомын борлуулалтаас үүдэн технологи болон энтертайнмент салбарт түүхэн дээд хэмжээний орлого төвлөрнө гэж үзэж байгаа юм.
ТАТАР МАЙДАР







Спорт

