Dark Light
Нийгэм | 2026-11-26

ПАРИСААС ӨМНӨ ЗҮГТ ОРШИХ УЛААНБААТАР ЯАГААД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЙТЭН НИЙСЛЭЛ ГЭГДДЭГ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | MPA

Газрын зурагаас харахад Парисаас ч өмнө зүгт оршдог хэрнээ Улаанбаатар яагаад дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болов? 

Газрын зураг дээр Францын Парис хотоос ч өмнө зүгт оршдог атлаа Улаанбаатар хот яагаад дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болдог нууцыг газарзүй, уур амьсгалын үүднээс тайлбарласан сонирхолтой судалгааны бичлэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Атлантын далайн дулаан агаар 8,000 километрийн цаана замхарч, хойд зүгээс Хойд мөсөн далайн хүйтэн агаар саадгүй орж ирдгээс гадна Улаанбаатарыг хөлдөөдөг хамгийн гол гурван хүчин зүйл нь Монгол орны газарзүйн өвөрмөц тогтоцод оршдог байна.

ТЭНГЭРТ СҮНДЭРЛЭХ “АГААРЫН ҮЛ ҮЗЭГДЭХ УУЛ”

Өвөл бүр Монгол болон Өмнөд Сибирийн дээр чулуугаар бус, харин хүнд хүйтэн агаараас бүрдсэн аварга том “үл үзэгдэх уул” сүндэрлэн босдог. Сэрүүн бүсийн өргөрөгт хамгийн ихээр хөрдөг Монголын газар шороо гадаргуугийнхаа агаарыг хөргөж, хүндэрсэн хүйтэн агаар доош сууж давхарлан хуримтлагдсанаар дэлхий дээрх хамгийн хүчирхэг Сибирийн антициклон үүсдэг байна. Үүний тод жишээ нь 2004 оны арванхоёрдугаар сарын 30-нд Монголын баруун хойд нутгийн цаг уурын станцад агаарын даралт далайн түвшинд шилжүүлснээр 815 миллиметр мөнгөн усны баганаас давж, дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр даралтын дээд амжилтыг тогтоосон явдал юм.

Энэхүү антициклоны доор үүл бараг тогтдоггүй нь хүйтнийг улам эрчимжүүлдэг. Үүл нь шөнийн цагт газрын дулааныг барих “хөнжил”-ийн үүрэг гүйцэтгэдэг бол долоо хоногоор цэлмэг байдаг Монголын тэнгэр дор газар дэлхий шөнө бүр дулаанаа задгай сансарт шууд алддаг. Жилийн 250 орчим өдөр нь нартай байдаг “Мөнх хөх тэнгэрийн орон”-ы өвлийн нар нам доор тусдаг тул шөнө алдсан дулааныг нөхөж чаддаггүй аж.

УУЛСААР ХҮРЭЭЛЭГДСЭН “АЯГА” БА ДАЛАЙН ДУЛААНЫ ХААЛТ

Хүнд хүйтэн “агаарын үз үзэгдэгч уул” тарж сарнихгүйн тулд түүнийг тогтоон барих сав хэрэгтэй байдаг нь Монгол орны газрын гадарга юм. Далайн түвшнээс дээш дунджаар 1,600 метрийн өндөрт орших Монголын тэгш өндөрлөг нь дэлхийн хамгийн өндөр орнуудын нэг бөгөөд өндөр рүү нэг километр өгсөх бүрд агаар 6 хэмээр хүйтэрдэг. Гэхдээ хамгийн гол нь энэхүү тэгш өндөрлөгийг баруунаас Алтай, хойноос Саян, Байгаль орчмын нурууд, төв хэсэгт Хангай, зүүнээс Их Хянганы нуруу хүрээлж, яг л асар том “аяга” мэт хэлбэрийг үүсгэдэг. Үүний улмаас дотор нь тогтсон хүйтэн агаар гадагш урсдаггүй, гаднаас дулаан агаар ч нэвтэрч чаддаггүй байна. Хэдийгээр Улаанбаатараас Номхон далайн эрэг хүртэл ердөө 1,300 орчим километр буюу Москвагаас Сочи орохтой тэнцүү зайтай ч өвлийн улиралд салхи эх газраас далай руу чиглэн үлээдэг тул далайн бүлээн агаар Монголд огт хүрдэггүй.

ХӨНДИЙН ЁРООЛ ДАХЬ ХОТ БА УТААНЫ УРХИ

Эцсийн бөгөөд хамгийн санаанд оромгүй шалтгаан нь Улаанбаатар хот өндөрлөг газрын орой дээр бус, харин уулсаар хүрээлэгдсэн нарийн хөндийд оршдог явдал юм. XV зууны сүүлчээр нүүдэлчин хийд энэ хөндийд суурьшихдаа гол устай ойр, мөн эргэн тойрны уулс нь ширүүн салхинаас нөмөрлөдөг давуу талыг нь харгалзан үзжээ. Гэрт амьдрахад уулс нөмөртэй ч салхинаас халхалсан энэхүү нөмөр нөөлөгтэй газар нь өвлийн цэлмэг шөнө бүр хүйтний урхи болж хувирдаг.

Шөнийн цагаар уулын бэл хөрч, түүний дээрх хүйтэн хүнд агаар яг л ус шиг уулын уруу аажмаар урсан бууж, хөндийн ёроолд буюу Улаанбаатар хот дээр тунаж тогтдог. Үүнийг цаг уурчид “температурын инверс” гэж нэрлэдэг бөгөөд ердийн үед дээшлэх тусам хүйтэрдэг бол Улаанбаатарт өглөөдөө уулын орой дээр хотын төвөөс илүү дулаан байдаг аж. Дээрээс нь бүлээн агаарын давхарга хөндийн дээгүүр “таг” мэт дарж тогтдог тул гэр хорооллын зуухнуудаас гарсан утаа дээш хөөрч сарних ямар ч боломжгүй болж, хотын дээр өтгөн утаа болон хуримтлагддаг байна.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ИРЭЭДҮЙ

Дэлхийн дунджаас гурав дахин хурдан дулаарч буй Монгол Улсад 1940-өөд оноос хойш жилийн дундаж температур хоёр гаруй хэмээр нэмэгдэж, өнгөрсөн зуунд хасах үзүүлэлттэй байсан Улаанбаатарын жилийн дундаж хэм өдгөө тэг орчимд хүрээд байна. Гэсэн хэдий ч газрын гадаргын рельеф өөрчлөгдөөгүй тул Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хэвээр үлдэж, 2023 онд Монголын парламент хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Орхоны хөндийд эртний Хархорум хотын буурин дээр шинэ хот байгуулах шийдвэрийг гаргаад байгаа билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08