Өнөөдөр (2025.02.26) авто зогсоолын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл тэдний бизнесийг МОННИС групп өөрт давуу байдлаа ашиглан булаан авч байна хэмээн мэдээлэл хийлээ.
Авто зогсоолын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээний үүргээ биелүүлэн хууль ёсны дагуу ажиллаж байхад 2024 оны 12 сарын 31-нд буюу шинэ жилийн баярын өдөр гэрээгээ цуцлан газраа чөлөөлөх захирамж иржээ. Уг захирамжид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 50 зогсоолыг жишиг зогсоол болгох зорилгоор зогсоолын үйлчилгээг эрхэлдэг аж ахуй нэгж хувь хүмүүстэй хамран ажиллах гэрээгээ дуусгавар болгон МОННИС компанийн охин компанид тендерийн ямар нэг үйл ажиллагаа зарлалгүйгээр 15 жилийн хугацаатай шилжүүлэн өгөхөөр болсон байна.
Том компаниуд иргэдийнхээ жижиг бизнесрүү дайрдагаа болимоор байна.
Авто зогсоолын үйлчилгээ эрхлэгчид Нийслэлийн төрийн санд жилдээ 1.5 төгрөгийг бүрдүүлдэг. Өчигдрөөс эхлэн цагдаагийн алба хаагчид зогсоолын тоног төхөөрөмжийг зөөн нүүлгэх ажил эхэлжээ. Энэ нь баярын өдрүүд ойртсон үеүдэд хийгдэж байгаа нь монголын төр МОННИС группэд үйлчилж байна гэж харж байна хэмээн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдлээ.