Dark Light
Нийгэм | 2025-02-26

МӨРӨНГИЙН ХҮРЭЭНД СОР ЗАЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөвсгөл аймгийн Бурхан шашинтны төв Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд 1937 оноос хойш эдүгээ хүртэл тасарсан аг тарнийн хамгийн дээд засал гүрэм болох сор залах хурлыг 2025.02.27-нд буюу билгийн тооллын өвлийн адаг сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын бэлтгэлийг хангах үүднээс тус хийдийн ловон лам Д.Батдэлгэр тэргүүтэй лам хуврагууд Мэгзмийн нямба хоёр удаа, Ямандагийн нямбанд дөрвөн удаа суугаад байна. Мөн хийдийн умзад лам Л.Энхболд хурлын ая дан, бүрээ бишгүүр, цан хэнгэргийн цохилт зэргийг заалган дэглэж, хийдийн балин тахилч О.Шинэтуяа нар чимэг зүүлт балин тахилыг бэлтгэн урлах ажлыг хийжээ. 

Ямандаг бурхны зарлигийг дагагч Дамжанчойжоо бурхны үүднээс залах их сорыг “Дамжан чойжоон дүгжүүн зоригдолын дараалал дөрвөн үйлийн гуу сан” номд “..жилд нэг удаа дэлгэр ёсчлон заавал хурах” хэмээн зарлигдсаны дагуу бүтээхдээ “Зоригдол сэтгэл нь ч шашин хийгээд шашныг бариачид, өглөгийн эздийн өлмий бат байж, барцад саадыг арилгах тэргүүтэн шашин, төр, амьтны тусын тулд ямагт зоригдох хэрэгтэй” хэмээсэн буй. Мөн “Сорыг үйлдэгч нь Ямандагийн авшиг сайтар авсан тангараг, санваар төгс, нямба бүтээл ёсчлон өмнө нь хийж, нигүүлсэхүй бодь сэтгэлийн үүднээс лам, ядам дамжлагын увдист бишрэнгүй бөгөөд эргэлзээгүй сүжиг бат, хоосон чанарын үзлээр эзлэгдсэн байхгүй бол өөр бусдад тус үгүй бөгөөд хатуу үйл өөрт буцах ба хойд төрөлдөө тамд төрөх үйлийг хураахыг” зарлигласан. Ямандагийн чойжүнд “Сорыг нэг уншихад базар садыг бум уншсантай адил тус гарна” гэжээ. Агчан санбу даш “Нүгнайг мянган удаа үйлдсэнээс дүгжүг ёсчлон нэжгээд зориулсны буян их” хэмээсэн буй. 

Сор залах хурал нь нийт зон олны жилийн хямрал, барцад саадыг арилгах бөгөөд тэрхүү хямрал нь “Нийт амьтан нугуудын дотор хий, судал, дуслын орших ёс хийгээд ялангуяа 2 түм 1 мянга зургаан зуун хийн зорчих хөдөлгөөн, чанх буруудаж нийтийн зохилдсон үйлийн эрхээр өдөөгдөн хямрах бөгөөд түүнд шүтээд нар, сар, од гараг тэргүүтний зорчих хөдөлгөөн дөрвөн махбодын орших ёс хямарна. Тэрхүү хямрал нь сав, шимийн нийт амьтанд нөлөөлж, нийтийн ган зуд, тэмцэл хямралдаан гарна. Түүнийг няцаахын ханьцашгүй дээд арга нь сор залах” бөгөөд түүний тулд “Зүгийг тэтгэгч арван тав болон Дамжанчойжоо бурханд балин өргөснөөр хорлолыг няцаах дээд арга болно” хэмээжээ.

Иймд Хөвсгөл аймгийн зон олон, хамаг амьтны тусын тулд энэхүү аг тарнийн нууц засал “Сор залах” хуралд нийтээр даган баясаж оролцоно уу хэмээн заллага айлтгаж байна. “Сор залах” хурал 2025.02.27-нЫ 17.00 цагаас Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд болно.

Лавлах утас: 9980-5004, 99050284

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08