Засгийн газрын өчигдрийн /2025.03.06/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилсон талаар эх сурвалж хэллээ.
Тэгвэл даргын суудалд томилогдсон Б.Батжаргал гэж хэн бэ?
Тэрээр өмнө улс төрчдийн золиос болж дампуурсан гэх Хадгаламж банкинд Нэгдсэн бодлогын газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, Тусгай активийн албаны даргын албан тушаалаар ажлын гараагаа эхэлж байсан. Хадгаламж банкны ажлаа өгсний дараагаас Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Банк, санхүү, нийгмийн даатгалын багшаар ажиллаж байгаад 2011-2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газарт, Нийгмийн даатгалын бодлого, эрх зүйн шинэчлэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Гадаад харилцаа, сургалт, мэдээллийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газарт ахлах мэргэжилтэн зэрэг албыг хашиж байсан. Үргэлжлүүлэн 2016-2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс эхлэн газрын дарга хүртэл ажилласан.
Боловсролын тухайд:
1983-1993 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн III дунд сургууль,
1993-1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр бакалавр, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр-Санхүүгийн менежмент мэргэжлээр,
2007-2009 онд Калифорнийн Олон Улсын Их Сургуулийг Шинжлэх ухааны магистр-Олон улсын бизнес мэргэжлээр,
2010-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийг Докторын түвшний Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр суралцаж,
2024 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан.