Энэ хаврын чуулган гуравдугаар сарын 17-ны өдөр нээнэ. Чуулганаар томоохон томилгоонуудыг хэлэлцэх юм.
Тухайлбал, 20 гаруй улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм. Түүнчлэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тиймээс эдгээр албан тушаалуудад шинэ хүн томилох нөхцөл үүссэн.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тухайд бүрэн эрхийн хугацаа энэ дөрөвдүгээр сард дуусна. Түүний оронд томилогдох хүнийг аль эрт зурсан тухай улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад удаж буй. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгч, Прокурорын орлогчоор томилогдсон О.Машбат юм.
Прокурорын тухай хуулийн 46.1-т “…Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.
Энэ жишгээр өнгөрөгч парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Ерөнхийлөгч өөрийн хүнээ зүтгүүлж /2024.05.29/ Улсын Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлж батлуулаад амжсан. Одоо дахин нэг шат өрж жинхлэх үлдээд байна.
Шатыг нь өрж, гишгүүр бүрийг нь зүлгэж томилно гэхийн учир нь ...
2022 онд прокурорын байгууллагын хуульд өөрчлөлт оруулахдаа хуулийн 45.4 дэх заалтад том өөрчлөлт хийж, өмнө нь мөрдөгдөж байсан 10-аас доошгүй жил хуульч мэргэжлээр ажилласан “прокурорыг” Улсын ерөнхий прокуророор болон түүний орлогчоор томилно гэж заасан байсныг “иргэнийг” гэж сольж оруулснаар эрх баригчид хүсвэл зөвлөхөө хүртэл прокурорын байгууллагыг хариуцуулж тохоон томилох цоорхой үүссэн гэж хардахаар байна.
Учир нь хуульд орсон өөрчлөлтөөр О.Машбат орлогчоор томилогдсон.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо хуулийг дээдэлж, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог байгууллага болов ч эрх баригчдын дохиур болж хувирч буй нь харамсалтай.