Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, үүрэг өглөө.
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд гарсан түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээг бодитоор тогтоож, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.
Мөн хөдөлгөөнт эргүүл, хяналтыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарах, ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, эрсдэл бүхий нутагт байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж, холбогдох байгууллагууд уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатайг онцоллоо.