Ирэх долоо хоногийн даваа гарагт /2025.03.17/ УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Энэ хаврын чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй хэд хэдэн дарга нарын томилгооны асуудал яригдах товтой байна. Шатыг нь өрж, гишгүүр бүрийг нь зүлгэсээр Прокурорын даргад зүтгүүлж буй Ерөнхийлөгчийн санал болох О.Машбатын талаар бид өмнө мэдээлсэн.
Харин АТГ-ын даргын тухайд энэ удаад хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналаар томилно.
Ерөнхий сайд АТГ-ын даргаар Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг томилохоор зэхэж буй талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад удаж байна.
Хамгийн ихээр авлигад идэгдсэн гэх салбараас Авлигатай тэмцэхийн даргыг томилох нь олон шүүмжийг дагуулна. Ерөнхий сайд өмнө Авлигын эсрэг үндэсний чуулганы индрээс “Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Сард 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч Land cruiser 200, Lexus 570 унаж, хоёр давхар тансаг зэрэглэлийн хауст амьдарч, хамгийн үнэтэй брэнд, цагаар гангарч, улирал бүхэн гадагшаа явж казино тоглож байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бүхэн авлига шүү дээ. Тиймээс орлогоосоо давсан тансаг хэрэглээтэй төрийн албан хаагчдыг цэгцэлнэ” гэж мэдэгдэж байв. Харамсалтай нь, хоёр жил өнгөрөхөд тансаг хэрэглээтэй төрийн албан хаагчид ажлаа хийсээр, тэгээд болоогүй тушаал дэвшицгээсээр буй. Манай редакци ч мөн тэрбумын хөрөнгөтэй гаалийн байцаагч аниа нарын баримтыг дэлгэсэн.
Гаалийн салбар нь авлигад идэгдсэн олон жишээг ч эх сурвалжууд дурддаг. Тийм байхад Авлигатай тэмцэхийн дарга рүү үсрэх нь зүйд нийцэх үү?
Тэгвэл Р.Отгонжаргал гэж хэн бэ?
Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нь 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистр, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна.
Ажилласан байдал
-1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,
-1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
-2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
- 2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга,
-2014-2015 онд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга
-2015-2017 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга
2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон.
Одоо Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.