Цавчаа ногоон автобусныхан цайрчих санаатай, цайчихсан мэдүүлгүүд өгсөн шүүх хурал болж байна. Ж.Сүхбаатар яг татгалзах гэж байтал Ерөнхий сайдтай уулзаж амжилгүй, гэнэтийн юманд өртөөд, гэнэдэж сандраад түгжрэлийн сайд болсон юм байна. УИХ-ын танхимд туугдаж ороод, яг гараад яг гараад бултах гэж байтал танилцуулчихсан тул мөхөс Ж.Сүхбаатарын бие 100 жилийн өмнөх шиг хүчинд автан хүлээж авсан юм байна. Дургүй ламыг дарж байгаад сахил хүртээсэн гэдэг шиг хөөрхий 2000 шавьтай, хуулийн багш Ж.Сүхбаатарыг хүчээр сайд болгосон нь хүний тавилан юм даа гэмээр байна.
Но-той ногоон автобусны хэрэг нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг Сумт нь Сүхт рүүгээ, хутгат нь хурган түшмэдүүд рүүгээ, хурга төлөг нь хуц ухна руугаа хуруугаа заасан хэлбэртэй болж байна. Хотын экс дарга Д.Сумъяабазар шүүгдэгч биш гэрчээр, биеэр биш цаасаар мэдүүлэг өгсөн. Ж.Сүхбаатарын хүсэж гуйснаар хотын нийтийн тээврийн даргаар С.Жавхлантбаатарыг томилсон. Ноорхой цоорхой ногоон автобусны но-той ноцтой ажлыг Сүхтэй хүн хариуцсан шүү гэж сумтай хүн мэдүүлсэн. Ж.Сүхбаатар нь үйлчилгээнд түргэн гарга гэснээс биш үнэндээ автобус авах ажлын нарийн ширийн надад огт хамаагүй гэж хэлж хэллээ. Харин өөртөө харакири хийж, гэртээ гэдсээ хүүлсэн экс цагдаа С.Жавхлантбаатар өмнөх мэдүүлгээсээ эргэж буцаж, наашаа цаашаа болж байна. Ж.Сүхбаатар хурдан хүлээж ав гэж шууд шахсан дарамталсан гэж мэдүүлж байснаасаа буцлаа. Харакири даргын томилсон Ажлын хэсгийн ахлагч нь дарамт шахалтанд өртөж, бусдыгаа хүчилж тулгасан гэдгээ хуулийн өмнө өчлөө. Хянаж шалгалгүйгээр гарын үсгээ зурсан гэж хүлээж авах үүрэг хүлээсэн түшмэл нь хэллээ. Бичиг цаасан дээр евро-5 мотортой гэж бичсэн ч бодит байдал дээр евро-2 байсныг хүлээн авсан бүү хэл харсан үзсэн хүн байхгүй болж таарлаа. Буруутай этгээд байхгүй, бүр сүүлдээ хуучин автобус олдохоо байлаа. “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуяг хуучин ногоон автобусыг цоо шинэ гэж тоглосон шинжгүй ярилаа. Энэ хүний нүд ид шидтэй юм байна. Хуучныг шинэ болгож харах хувилгаан шидтэй юм уу Будаг нь биш замаск нь ханхалсан, гар гагнуурын баас нь гадн дотроо овойсон ноорхой ногоон автобус цоо шинэ мэдэв үү? Юу худал, нүд худал. Нүдээ нээ хүмүүс ээ, ногоон автобус цоо шинэ гээд бодчиход л болно шүү дээ.