Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгч асан Б.Тамир "MVP" шагналын талаар өөрийн байр сууриа илэрхийлж, залуу тоглогч О.Эрдэнэцогт шагнал хүртэж чадаагүйд харамсаж буйгаа илэрхийлжээ.
2024-2025 оны Дээд Лигийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаяр хүртсэн бөгөөд энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн байна. Б.Тамир өөрийн цахим хуудсаар дамжуулан, "Би Эрдэнэцогтын MVP авахыг үнэхээр хүсэн хүлээж байсан. Учир нь тэр аварга авсан жилдээ энэ шагналыг хүртэж чадаагүй. Тэр үед би МСБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд том алдаа гаргасан гэж өөрийгөө буруутгаж явдаг" хэмээн бичжээ.
Тэрбээр шагнал гардуулах үеэр О.Эрдэнэцогтын нэр дуудагдаагүйд ихэд гайхаж, бухимдсан гэдгээ илэрхийлсэн байна. Тэр даруй Лигийн комиссар асан Энхбаатараас "Яагаад Эрдэнэцогтод өгөөгүй вэ?" хэмээн асуухад, "Шүүгчдийн саналын дагуу шийдвэр гарсан" гэх хариулт авсан гэнэ.
"Нэгэнт өөр тоглогчийн нэр зарлагдсан тул юу ч хийж чадсангүй. Өнгөрсөн алдаагаа бодохоор үнэхээр харамсдаг. Эрдэнэцогт бол энэ цаг үеийн шилдэг тоглогчдын нэг. Гэхдээ бидний алдаа түүнийг хохироосон" хэмээн Б.Тамир дурджээ.
Түүний энэхүү мэдэгдэл нь сагсан бөмбөг сонирхогчдын дунд хэлэлцүүлэг үүсгэж, MVP шагнал олгох журмыг дахин нягтлах шаардлагатай эсэх тухай асуудлыг сөхөж байна. Б.Тамир "Өнгөрсөн ч гэсэн уучлалт гуйж, харамсаж явдгаа илэрхийлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.