Dark Light
Нийгэм | 2025-03-18

Ж.ГАНТУЛГА: МӨРИЙНД ДОНТОГЧИД АЛДСАНАА БУС ХОЖСОНОО Л САНАДАГ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом хяналтгүй тархаж, олон хүний амьдралд сөргөөр нөлөөлж байна. Энэ донтолтын цаад шалтгаан, сэтгэл зүйн механизм, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар “Master brain” төвийн сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай ярилцлаа.

-Мөрийтэй тоглоомд донтох нь юугаараа өөр вэ. Механизмыг нь тайлбарлавал?

-Үндсэндээ архи, тамхи, мансууруулах бодис болон мөрийтэй тоглоомын тархинд учруулж буй өөрчлөлт нь адилхан. Хүний уураг тархинд аз жаргал, таашаалын мэдрэмж төрүүлдэг дофамин хэмээх даавар ялгардаг. Жишээ нь, өлсөж яваад хоол идэх, дотнын хүмүүстэйгээ баяраа хуваалцах, үр хүүхдээ харах гээд жаргалтай үед энэ даавар ялгарч, сэтгэл ханамжийн мэдрэмж төрдөг. Гэтэл мөрийтэй тоглоом, архи, тамхи зэрэг нь энэ үйл явцыг зохиомлоор хэт идэвхжүүлдэг. Энэ нь хүний ердийн амьдралаас авах мэдрэмжээс өндөр байдаг учраас амархан татагдаж, эрэлхийлдэг. Эхний үед тоглох нь таатай мэдрэмж төрүүлдэг ч аажмаар энэ мэдрэмж зовлон, стресс дагуулна. Үүнийгээ дарахын тулд улам их тоглох нөхцөл үүсдэг. Тэгээд л өр ширэнд орж, амьдралаа сүйрүүлэх эрсдэлтэй болдог.

-Тархац өндөр байна. Олон сэтгэл эмзэглүүлэм кэйс яригдаж байна...

-Өмнө нь хөзөр, даалуу тоглож, мөрийнд нь хонь, ямаагаа тавьдаг байсан. Шинэ зүйл биш. Гэхдээ одоогийнх шиг тархацтай биш. Цөөн хэдэн хүмүүс тоглодог, тэрийг нь нутаг орных нь мэддэг ярьдаг. Харин одоо гар утастай хүн болгон нэвтэрч ороод тоглох боломжтой. Цахим орчинд хүссэн хүсээгүй энэ тоглоомын сурталчилгаатай таардаг. Эхлээд сонирхоно, дараа нь нэг удаа туршиж үзнэ. Тоглох, мөнгө байршуулж цэнэглэх үйл явц нь хэт амархан учраас хүмүүс хяналтаа алдах нь элбэг. Ковидын хөл хорионы үед нэг том давлагаа явчихсан. Ганцаардсан, стресстэй хүмүүс тайвшрах зүйл хайж татагдах нь элбэг. Тэгэхээр гадаадад ажиллаж амьдардаг монголчууд маань илүү өртөмтгий байдаг. Холбогдож их орж ирдэг дээ. Мөрийнд донтчихсон хүн бол гэр рүүгээ мөнгө шилжүүлэх болохоор хуруу нь ажилладаггүй гэж ярьдаг. Уг нь ганц кноп дараад болох асуудал.

Ер нь тархац их байна. Жишээ нь, 10 хүн сонирхлоо гэхэд 2-3 нь үргэлжлүүлэн тоглодог. Хэрэв мянган хүн сонирхвол хэд нь тоглогч болох вэ? Энэ мэтээр цар хүрээ нь хурдацтай тэлж байна.

-Сэтгэлзүйд яаж нөлөөлж байна?

-Зүгээр нэг хобби, зугаа гэдэг ч хүний сэтгэхүйд арлашгүй өөрчлөлт үлдээдэг. Донтсон үед зөвхөн тоглоомоо л бодно. Гэртээ зурагт үзээд сууж байсан ч бодол санаа нь бооцоондоо л анхаарсан байдаг. Хаана ямар тэмцээн байгаа билээ, алин дээр нь яаж тавивал хэдэн төгрөг олох вэ, гэх мэтчилэн. Нэг жишээ хэлэхэд, эмчилгээнд явж байгаа хүмүүс “Би сүүлийн гурван жил нэг ч кино бүтнээр нь үзэж дуусгаагүй юм билээ” гэж ярьдаг. Хэдийгээр тоглоогүй байгаа ч тархи нь тоглоом дотроо амьдарч байдаг. Нэг ёсны ямар ч төвлөрөлгүй болчихдог. Тэгээд эмчилгээнд яваад эхлэхээрээ “орой хүүхдүүдтэйгээ зурагт үзээд суусан аягүй гоё гоё юм гараад, эмчээ би аягүй өөрчлөгдөж байгаа” гэдэг.

Нэг жишээ яръя. Тоглоомчин хоёр залуу хожиж яваад л алдаад байж. Тоглодоггүй нэг найзыгаа харгалзагчаар авчирсан байгаа юм. Нөгөө найз нь өнөөх хоёроо зөв тохируулаад нэлээд мөнгө хожсон. Харгалзагч найз даа хожсон мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгө өгнө. Тэгээд залуу бодсон. Би энэ хоёрыг тохируулаад байгаа юм чинь өөрөө тогловол гэж. Ингээд нөгөө хоёр найзаасаа илүү өнөөх тоглоомонд донтож, найзуудаасаа илүү өр ширэнд орчихсон.

-Мөрийнд ялах мэдрэмж хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүн ялах үед тархинд маш их хэмжээний дофамин ялгардаг. Нэг тийм хүндлэгдсэн мэдрэмжийг авна. Мөнгө алдсан ч гэсэн хожиж байсан тэр дурсамжаа л илүү тод санаж, “дахиад нэг удаа аз таарвал...” гэсэн бодол тээж эхэлдэг. Харин гол асуудал нь өр ширэнд орсныхоо дараа ч гэсэн дахин хожих боломж байгаа мэт санаж, гарцаагүй нөхцөлд ч дахин тоглох зуршил бий болдог.

-Мөрийтэй тоглоомын хамгийн том хор хөнөөл нь юу вэ?

-Нэгдүгээрт, санхүүгийн асуудал. Дааж давшгүй өр ширэнд орно. Хоёрдугаарт, гэр бүл, найз нөхдийн харилцаа сүйддэг. Хэн ч итгэж болохгүй, мөнгө зээлэхээс айдаг хүн болж хувирна. Гуравдугаарт, ажил, сургуулиа хаях хүртэл нөхцөл үүснэ. Хүмүүс гурван жил тоглоод эргээд харахад тэр гурван жилийнхээ амьдралыг юу ч үгүй болгосон байдаг. Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн асуудал. Сэтгэл гутрал, нойргүйдэл, стресс ихэснэ. Өөрийгөө ч, ойр дотынхоо хүмүүсийг ч шаналгадаг.

Хууль бус мөрийтэй тоглоомын платформууд нь маш өндөр зэрэглэлд хөгжсөн байдаг. Олон жил хөгжчихсөн зүйл л дээ. Намайг багад нэг ах маань Лото гэж тоглоом авчирч байсан. Тэрийг тоглуулсан хүн нь бүх мөнгийг нь аваад хоорондоо өрсөлдсөн хоёр нь ямар ч мөнгөгүй болоод дуусдаг. 

-Ямар насныхан хамгийн их тоглож байна?

-25-45 насныхан хамгийн их хамааралтай байдаг. Үүнээс гадна 17-18 насныхан ихсэж байна. Оюутан залуус, бизнес эрхлэгчид, орон нутгаас хотод ирсэн хүмүүс илүү өртөх хандлагатай. Жишээ нь, нэг оюутан амралтаараа гэртээ очоод эмээ, өвөөгийнхөө утсаар ороод бүх зээлийг нь тултал аваад мөнгөөр нь тоглоод бүгдийг нь алдсан нэг кэйс бий. Залуусаас гадна 50 гаруй насныхан ч бий. Гайхчихсан, шокноосоо гараагүй орж ирдэг. Барилдаж байгаад далаараа тавиулчихсан бөх босож ирээд гайхаад зогсоод байдагтай яг адилхан. Жил хагасын өмнө нь л дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан. Харин одоо орох оронгүй, гэр бүл ч үгүй болчихлоо гээд л хоёр гараа илээд зогсож байдаг. 

-Донтолтоос яаж гарах вэ?

-Донтолтыг хориглох, хаах замаар шийдэх нь үр дүнгүй. 2-3 жил тоглочихсон хүн бол ямар нэг аргаар үргэлжлүүлнэ. Тухайн хүний амьдралын хэв маягийг өөрчлөхөд анхаарах нь зүйтэй. Сэтгэл зүйн эмчилгээ, ар гэрийн дэмжлэг чухал. Энэ бол “эмийг өдрийн 3-аар уугаад зүгээр болно” гэдэг асуудал биш. Цаг хугацаа, тэвчээр, мэргэжлийн дэмжлэг хэрэгтэй. Хэрэв асуудлаа хүлээн зөвшөөрч, өөрчлөлт хийхээр шийдвэл гарах боломжтой. Зөвхөн хувь хүний биш, нийгмийн асуудал шүү дээ. Ялангуяа залуус, хүүхдүүдийн дунд донтолтоос сэргийлэх боловсрол олгох хэрэгтэй. Мөрийтэй тоглоомын бизнесүүд хүний сэтгэл зүйг ашиглаж, маш ухаалаг алгоритмуудыг хэрэглэж байна. Ялалт, хожигдлыг тооцоолж, хүмүүсийг тоглоомд удаан байлгах тактикуудыг ашигладаг. Энэ бүхний эсрэг зөв бодлого барьж, олон нийтэд зөв мэдээлэл хүргэж, донтсон хүмүүст эмчилгээ, дэмжлэг үзүүлэх нь чухал. Хэрэв та мөрийтэй тоглоомоос болж асуудалд орсон бол энэ нөхцөл байдал хэзээ ч “зүгээр өөрөө алга болохгүй.” Өөрийн амьдралаа эргүүлэн авахын тулд мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэй. Тоглож эхлэхээсээ өмнө “би хожигдвол яах вэ?” гэж бодож сураарай. Зөвхөн хожлын талаас нь хараад байвал, эцэст нь бүх зүйлээ алдах эрсдэлтэй.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00