Цагдаагийн байгууллагаас өчигдөр 22:00 цагийн үед Ноорог.мн сайтын ажлын байран дээр нь нэгжлэг явуулж, компьютерын хард диск болон гар утас зэргийг хураан, долоон ажилтнаас мэдүүлэг авсан талаар Өмгөөлөгч Б.Наранцэцэгээс тодрууллаа.
Миний мэдэж байгаагаар иргэнээс гаргасан гомдлын дагуу сэжигтнээр мэдүүлэг авсан. Одоогоор ямар нэгэн хэрэг бүртгэл үүсээгүй. Урьд шөнө мэдүүлэг авахдаа 19.9.3-аар гэж өөрсдөд нь мэдэгдсэн. Тиймээс одоогоор гомдол учраас зүйлчлэл тодорхойгүй.
-19.9.3-ыг та хэр үндэслэлтэй гэж харж байна вэ?
-Тийм үндэслэл байхгүй.
-Удаа дараа энэ үйлдэл гарсан гэсэн?
-Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Улмаа бид хоёр бас дуудагдаж ирсэн. Тэр нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мийм пейж дээрээ тавьсан гэдгээр дуудагдсан. Өнөөдөр иргэний гомдлоор дуудсан гэж байгаа. Яах гэж дуудсанаа өчигдөр хэлээгүй. Өнөөдөр өмгөөлөгчтэй ирж байж бүгд сонслоо.
-Иргэний гомдлоор мэдүүлэг авахдаа хойшлуулшгүйгээр баривчлах тохиолдол хэр их байдаг вэ?
-Ажлын цаг дууссан хойно хойшлуулшгүй гээд биеэс нь гар утаснуудыг нь хурааж авсан. Оффист нь нэгжлэг хийгээд эд зүйлийг нь хураан авсан. Тэдгээртээ үзлэг хийчихсэн. Гар утсанд нь үзлэг хийчихсэн. Дээрээс нь хаана байгааг нь хэнээс ч асуулгүй шууд мэдэж очиж баривчилсан зэргээс эхлээд процессын алдаа ярих зүйлүүд байгаа.