Dark Light
Нийгэм | 2025-03-18

НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР НИЙТ 12 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ.
Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.  
Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх,  төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ингэхдээ сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай ажилладаг байна. Тэгвэл энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Тухайн асуудалд НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэсэн саналыг хэллээ.
Үүний дараа Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр цэргийн алба хаах, дүйцүүлэн хаах иргэдийн тоо юунаас шалтгаалж нэмэгдэж, эсвэл буурдаг, одоогоор ямар нөхцөл байдалд хүрээд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөгчдөд танилцуулахыг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалтад үүрэгдлээ. Учир нь төлөөлөгчид тодорхой мэдээлэлтэй байж аливаа асуудалд бодит хандаж, иргэдийн хяналтын үүргээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ.
Мөн бусад хэлэлцсэн асуудал тухай бүрт Зөвлөлийн гишүүд санал хэлж, асуултандаа хариулт авлаа. Улмаар өнөөдрийн нийт 12 асуудлыг НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Харин хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга, мэдээллийг илүү тодорхой, дэлгэрэнгүй бэлтгэхийг холбогдох албаныханд сануулав.
Өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд:
 
Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай
Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтийн тухай
Төслийн хэрэгжилтийг хангах тухай
Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт
Зөөврийн ус түгээх байрыг нийслэлийн өмчид авах тухай
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 327 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид авах тухай
Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх тухай
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
Нийслэлийн Онцгой байдлын газрын түүхт ой тэмдэглэх тухай
НИТХ-ын ээлжит бус V хуралдааны товыг батлах тухай
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.18 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00