Бокс 2028 оны Лос Анжелесийн олимпод багтлаа
Олон улсын олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулах шийдвэр гаргажээ.
Анх 2022 онд баталсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард "Дэлхийн бокс" байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилсөн байна. Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах бөгөөд тус хорооны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзэж байна.
Тэрбээр “Дэлхийн боксыг хоёрдугаар сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно” гэж мэдэгджээ.
ОУОХ-ноос 2019 онд Олон улсын боксын холбоог засаглал, санхүү, шүүлт болон ёс зүйн асуудлуудаас болж эрхийг нь түдгэлзүүлснээс хойш өнгөрсөн хоёр олимпын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулсан юм. Дэлхийн боксын холбоог 2023 оны дөрөвдүгээр сард байгуулж, одоогоор 84 гишүүнтэй болжээ. Өнгөрсөн сард ОУОХ тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрөх гол шаардлагуудыг хангасан гэж үзсэн байна.
Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст энэ шийдвэрийн дараа “Олимпын боксын хувьд маш чухал үйл явдал. Спортын ирээдүйд нааштай өөрчлөлт авчирна. Олимпын хөдөлгөөний нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Хэрэв бокс Лос Анжелесийн наадмын хөтөлбөрт багтвал бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” хэмээн онцолсон байна.
ОУОХ-ны зүгээс зөвхөн Дэлхийн боксын холбооны гишүүн үндэсний холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтойг мэдэгдсэн бөгөөд эрхийн тэмцээнүүдийн товыг хараахан зарлаагүй байна.