Dark Light
Нийгэм | 2025-03-19

АРАЙ ЗАЛУУ НЬ АМЬДРАГ...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Монгол цэргийн нэгдсэн холбоо
Эх орны зүүн хойд хязгаар, Дорнод аймгийн Баяндун сум, 2012 оны 5-р сарын 12-ны өдөр, 16.00 цаг орчим... 
Аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч 10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг ирж ажиллаж байж. Улангасан урагшилж яваа түймэр замдаа таарсан бүхнийг хуйхалсаар олон айл малтай хэсэгрүү дөхөж асан үед түймэр унтраах бүлэг баруунаас зүүн тал руу чиглэсэн цурам тавьж, хумьж байж. 
Хамгийн урд Онцгой байдлын ахлах ахлагч Г.Багабиш, түүний хажууханд аврагч дэд ахлагч А.Болорсүх, араас нь бусад нөхөд өртөөлөн цурам тавьж унтрааж явтал салхи эргэж яах ийхийн зуургүй дүрэлзсэн их гал нөмрөөд авч, гүйгээд гарах ч бололцоо олдоогүй гэдэг... 
Үүнийг харсан жолооч Д.Болдбаатар салхин дээд талаас нь хүмүүсийг машиндаа суулгаж явсаар шатсан газар ирээд машин дахь хүмүүсээ буулгаж салхины доод хэсэгт байсан гал сөнөөгч рүү очиход дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, С.Бат-Эрдэнэ нар түймэрт шатаж амиа алдсан, ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нар ойролцоо замын ховил дээр аймшигтай түлэгдсэн байдалтай сууж байсан аж. 
Улангассан гал нөмрөх агшинд ахлах ахлагч Г.Багабиш нь хажуудаа ойрхон явсан А.Болорсүхийгээ дэгээдэж унаган, дээрээс нь дарж хэвтэж халхлаад амийг нь аварсан нь энэ...
 Жолоочийг очих үед Г.Багабиш: “Ах нь яах вэ өөрөө явчихна, Болорсүхийг эмнэлэгт хүргэж өг” гээд зумарсан арьсаа унжуулаад явсан гэх юм билээ. “Яагаад А.Болорсүхийг аварсан юм бэ” гэхэд “Арай залуу нь амьдраг гэж бодсон” гэж л хариулсан гэдэг. 
Тэр өдөр тал нутгийн хөрсөнд үүрд үлдсэн дэслэгч Ч.Намжилдаш 38 настай, Ж.Одбаяр 28 настай, С.Бат-Эрдэнэ 28 настай хүний хань, хүүхдүүдийн эцэг, аав ээжийн сайхан үрс, эх орны эгэл жирийн баатрууд байв. 
 
Зоригт аврагч Гунгаагийн Багабиш нь 1972 онд Дорнод аймагт төрсөн бөгөөд онцгой байдлын салбарт 23 жил ажиллахдаа 24 хүний амь нас, 36 айлын гэр, 42 хашаа саравч, 1350 гаруй мал сүрэг 6.6 сая га газрыг хамтран зүтгэгчдийнхээ хамтаар хамгаалжээ. Мөн галт хэрэгслийн дуудлагаар 32 удаа ажиллаж тэсэрч дэлбэрэх аюултай 284 галт хэрэгслийг аюулгүй болгож, үүргээ нэр төртэй биелүүлсээр эцэст нь хамтран зүтгэгчдээ ийнхүү амьдрал бэлэглээд түлэгдэлт, шархны халуунаа даалгүй нас барсан юм. 
 
Харин А.Болорсүх нь амьдрал хайрласан ачтан, анд нөхөддөө үүрд талархавч, их түлэгдэлтийн улмаас байнгын эмчилгээтэй амьдарч байна. Эх орныхоо төлөө эрэмдэг болсон энэ залууд олон түмний халуун сэтгэлийн тусламж юу юунаас илүү хэрэгтэй байдаг юм билээ.
Хүний амь аврах шиг хүндтэй гавьяа үгүй. 
Хүний амь аврахын тулд амиа өгсөн хүнийг "баатар" гэж хэлэх ч багадмаар...
Агуу их эр зориг, ухаан, хайр энэрлийн хамгийн дээд жишээ болсон энэ түүхийг залуу үе үүрд санаж, ухаарч, бүтээж явах ёстойг сануулж, мэхийн ёслов.   
Эх сурвалж | Монгол цэргийн нэгдсэн холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00