Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 32-50 мянга орчим айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх тогтоолын төслийг баталсан талаар мэдээллээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд:
-Айл өрхүүдийн дулаалгыг стандартын шаардлагад нийцүүлэх,
-Дулаан алдагдлыг бууруулах,
-Хатуу түлшний хэрэглээнээс сайн дураар татгалзсан өрхүүдийг дэмжих зорилгоор нийслэлээс хийн түлшний зуух суурилуулах,
-Хийн түлшний аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх,
-9-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд хийн түлш хэрэглэсэн өрхүүдэд 100,000 төгрөгийн татаас олгох зохицуулалтыг баталлаа.
Засгийн газраас хийн түлшинд шилжих шилжилтийг зөвхөн дулаан алдагдлын коэффициент буурсан, стандартын шаардлагыг хангасан өрхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу бүх яамдад агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг хамаарах тул холбогдох яамд гэр хорооллын айлуудыг хийн түлшинд шилжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах үүрэг хүлээж байгаа юм.
Ийнхүү Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан энэхүү шийдвэр нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.