Засгийн газрын ээлжит мэдээллийн үеэр Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэд хэдэн чухал асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр онцлох асуудлуудын нэг болох "Ноорог" медиа багийн холбогдсон хэргийн талаар тодорхой мэдээлэл хийв.
О.Алтангэрэл хэлэхдээ: "Энэ хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж явсан мэдээлэл байна. Одоо хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш. “Ноорог”-ын залуусын нэг нь 2024 оны есдүгээр сараас бусдыг амиа хорлоход хүргэсэн хэргээр шалгагдаж байна. Би үүнийг зохиож хэлээгүй шүү. Ноцтой асуудал их байна" хэмээн мэдэгдлээ.
Тэрээр мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар дараах тайлбарыг өгсөн юм:
"Цагдаагийн байгууллага улстөрийн дохиураар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт улстөрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байгаа юм гэдгийг тогтоох ёстой. Албан ёсны баривчилгаа огт болоогүй. Харин компьютер техник хэрэгсэлд үзлэг хийсэн, түүнийгээ бэхжүүлсэн баримтжуулсан үйл ажиллагаа явагдсан. Өмгөөлөгч нарын тайлбарыг сонссон. Өмгөөлөгч нарын ярианд дурдагдаад буй зарим үйл баримт хэрвээ үнэн бол гомдлоо гаргаад шалгуулах хэрэгтэй. Үнэхээр хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн бол цагдаагийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээнэ."
Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Энэ бол цагдаагийн байгууллагын зүгээр л нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ нь өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно.
Түүнчлэн "Ноорог" сайтынхан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээг зургаан хүний дансаар дамжуулж угаасан нь урьдчилсан байдлаар хянагдаж байгаа талаар мэдээлэл өглөө.
О.Алтангэрэл: "Би үг бүрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" хэмээн онцлон тэмдэглэв.
Энэхүү хэрэг явдал олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Засгийн газар болон хууль сахиулах байгууллагуудын зүгээс хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэдгийг онцолж байгаа юм.