Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт нутагладаг малчин айлын үхрийг баавгай барьжээ. Энэ талаар тухайн үхрийн эзэн Т-тэй холбогдож тодрууллаа.
-Танай мал руу баавгай дайрч, нэг үхэр барьсан гэсэн. Тухайн үед ямар үйл явдал болсон бэ?
-Гуравдугаар сарын 9-10-ны орчим манай мал руу баавгай дайрсан. Би Дархан хотод ажилладаг, харин манай малыг малчин ах хариулдаг. Бид Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй гэх газар нутагладаг. Энэ газар уул, хадтайгаа ойрхон.
Манай саахалт айлын дүү хонио хариулж явахдаа хамгийн түрүүнд баавгай үхэр барьж байгааг харсан юм билээ. Тэр над руу залгаад:
“Танай мал руу баавгай дайрч байна” гэж хэлсэн.
Би тухайн үед Дарханд ажилтай байсан тул шууд малчин ах руугаа залгасан ч тэр гадуур ажилтай явж байсан учраас утсаа аваагүй. Тиймээс нэгдүгээр багийн засаг Б.Батбаатар руу залгаад:
“Баавгай мал руу орчихлоо. Яаралтай очиж үргээж, зайлуулна уу? Үхэр барьж идсэн байна. Малчин хүн очвол аюултай. Хоол тэжээлээ харамлаад хүн рүү дайрах магадлалтай. Тиймээс сум орон нутгаас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай” гэж мэдэгдсэн.
Үүний дараа би малчин ахынхаа дугаарыг Б.Батбаатарт өгч, тэд хоорондоо холбоо барьсан. Малчин ах удалгүй уул руу гарч баавгайг дурандахад нэг үхэр барьчихсан, идэж байсан гэж хэлсэн. Тэр над руу залгахад нь би:
“Баавгайг үргээж болохгүй! Дайрах аюултай. Сум орон нутгаас хүмүүс ирж байгаа, тэднийг иртэл хүлээ” гэж сануулсан.
Сум орон нутгийн удирдлага тухайн баавгайг үргээж, ойролцоох айлуудад сэрэмжлүүлэг тарааж арга хэмжээ авсан. Хонинд явсан дүү маань хоёр нялх хүүхэдтэй байсан тул эхнэр, хүүхдийг нь сумын төв рүү аваачиж, өөрт нь анхааруулга өгөөд буцсан гэж сонссон.
-Дахиж ирэх магадлал байгаа юу?
-Энэ явдлаас хойш бид үхрээ тэр хавьд бэлчээхгүй байгаа. Одоо машин техникээр үхрээ хариулж, байнгын хараа хяналт тавьж байна. Нэг үхэр маань яалт ч үгүй баавгайн хоол болсон. Дахин ирэх эсэхийг хянахаар уул хад руу байнга гарч, дурандаж байгаа. Гэхдээ барьсан үхрийнхээ сэг зэм дээр дахиж ирээгүй, тэр хавиар дахиж харагдаагүй.
Малчин ахын хэлснээр сумынхан очих үед баавгай хэдийнэ явсан байсан. Харин хоньтой айлын хоёр нохой баавгайг ойртож ирэхэд үргээж, мод руу хөөж оруулсан гэсэн.
-Та Ерөөд хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
-Гурав хоногийн өмнө. Манай үхрийг барьчихаад дараа нь өөр үхэр рүү дайрсан гэж дуулсан. Дахин мал шархдуулсан эсэхийг шалгахаар шууд давхиж очсон. Сумаас сэг зэмийг битгий хөдөлгөөрэй гэж чиглэл өгсөн.
-Барьсан үхрийн тухайд?
-Энэ жил анх удаа тугалах шүдлэн гунж байсан. Баавгай бол зориг муутай амьтан, том үхэр рүү дайрах нь ховор. Хээлтэй, арай сул дорой үхрийг барьсан байсан. Манай бэлчээр уулнаасаа 4-5 км зайтай, гэхдээ баавгай нэлээд зайд гарч ирсэн байсан. Ер нь тэр хавиар байнга үзэгддэг, нутагшсан баавгай юм билээ. Одоо уулнаасаа буугаад үхэр барьж болох юм байна гэдгийг ойлгочихлоо. Нэг удаа амжилттай барьсан учраас дахин дайрахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс сум орон нутгийн удирдлагад энэ асуудлыг дахин анхааруулах хэрэгтэй. Малчид бид ч гэсэн илүү хянуур байх шаардлагатай байна.
-Таны хувь бодол ямар байна?
-Баавгай бол байгалийн амьтан. Малчдын хувьд хохирол учирч байгаа ч энэ бол байгалийн жам. Хүн төрөлхтөн байгальтайгаа зохицож амьдрах ёстой. Би хувьдаа үхэр баригдсан гэдэг талаас нь хохирол гэж харахгүй байна. Зэрлэг амьтан хоол тэжээлийн дутагдалд ороод л мал руу дайрч байгаа байх. Гэхдээ нэг зүйл бий. Энэ удаа үхэр рүү дайрлаа. Дараа нь хүн рүү дайрахгүй гэх баталгаа байхгүй. Хамгийн анх гуравдугаар сарын 6-нд анх харагдсан байвгай. Манай шинстэй баруун, зүүн гээд хоёр хөндийтэй. Манай ахынх нөгөө хөндийд нь үхэр хариулдаг. Тэгээд өнөөх баавгай чинь хотонд нь ирээд нэг үхэр дээр гарчихсан байсан гэсэн. Цагаан сарын үеэр л дээ. Азаар өөр айл руу явж ирээд машин тэргэндээ байсан тулдаа гайгүй өнгөрсөн гэсэн. Машиных нь урд тал руу цоройгоод машинд нь нэлээд гэмтэл үүссэн гэсэн. Ингээд л зургаан хоногийн дараа манай мал руу ирсэн хэлбэр л дээ гэлээ.
Баавгай бол холимог идэштэн. Нийт идэш тэжээлийнх нь 90 орчим хувийг ургамлын гаралтай хүнсний зүйл бүрдүүлдэг. Хоол тэжээл нь багассан учраас айлын мал руу дайрсан байх гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Баавгайн дайралтыг анх харсан гэх Ерөө сумын 1-р багийн малчин Н.Дамдин:
"Хониндоо явж байлаа. Цаг агаар тогтуун, сайхан өдөр байсан. Өдөр 3-4 цагийн үед л байх. Тэр үед эхнэр маань түрүүлж анзаарсан юм билээ. Баавгай үхэр барьж байхыг хараад нэлээд айсан харагдсан. Ер нь энд баавгай үе үе үзэгддэг. Гэхдээ яг ингэж мал, амьтан руу дайрахыг харах эвгүй санагддаг юм.
Зун бамбарууштайгаа зөрөх нь бий. Хоол, тэжээл нь элбэгшихээр бага ч гэсэн гайгүй болох байх гэж найдаж байна. Өмнө нь хоёр ч айлын хаяанд үзэгдэж, нэг айлын малыг самардсан удаатай. Би энэ удаад хонины захад холоос ажигласан болохоор тэгтлээ их айгаагүй.
Сумын удирдлагаас айл бараадаж буухыг зөвлөсөн ч мал төллөж эхэлсэн энэ үед нүүж суух амар биш байна."