Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас "Ноорог" медиатай холбоотой асуудлаар тодруулга авлаа.
- ХЭҮК “Ноорог” медиагийн залуустай уулзсан уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил бий болсон уу?
-"Ноорог креатив" ХХК-ийн нэр бүхий албан хаагчдыг цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа хийсэнтэй холбоотой мэдээлэл гуравдугаар сарын 18-нд цацагдсан. Үүнтэй холбогдуулан бид Улсын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш буюу гуравдугаар сарын 21-нд олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн.
Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээлэл, мөн ЦЕГ болон Хууль зүйн, дотоод хэргийн сайдын гаргасан албаны мэдээллүүдийг нягталж дүгнэлт хийх ажилд анхаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй талуудын албан ёсны байр суурийг авах нь чухал.
-Хойшлуулашгүй ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэл хэр бүрдсэн бэ?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хойшлуулашгүй ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй хийх зохицуулалт бий. Гэвч ийм ажиллагаа явуулсан бол 24 цагийн дотор прокуророос зөвшөөрөл нөхөн авах ёстой. Энэ хугацаа гуравдугаар сарын 19-ний 22:00 цагт дууссан. Бидэнд албан ёсны тайлбар мэдээлэл ирэх ёстой бөгөөд энэ ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагдсан эсэхийг бид тодорхойлох шаардлагатай байна.
- Төрийн байгууллагуудаас өгсөн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Эрх бүхий байгууллагуудаас өгч буй мэдээлэл харилцан зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайдын тайлбар, мөн холбогдсон иргэдийн өгч буй мэдээлэлд зөрүү ажиглагдаж байна. Ямар зүйл ангиар шалгаж байгаа талаар нэг мөр ойлгомжтой мэдээлэл байхгүй бөгөөд өөр өөр зүйл ангиудыг дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд өөрийгөө ямар хэрэгт сэжиглэгдэж, ямар зүйл ангиар шалгагдаж байгаагаа тодорхой мэдэх эрхтэй. Энэ эрх зөрчигдсөн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт байгаа ч бид албаны эх сурвалжийн мэдээллийг үндэслэн эцсийн дүгнэлтээ гаргана.
- Хэрэв прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан бол хүний эрх зөрчигдөх үү?
-Прокурорын зөвшөөрлийг авч чадаагүй тохиолдолд хүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хойшлуулашгүй ажиллагааны явцад хураагдсан эд зүйлсийг цагдаагийн байгууллага буцаан өгөх ёстой. Одоогоор "Ноорог" медиагийн зүгээс манай байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй ч бид өөрсдийн санаачилгаар уг асуудлыг бүртгэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Бид өмгөөлөгчтэй нь холбогдож тодорхой мэдээлэл авсан.
Гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа нь зөвхөн нэг талын мэдээлэлд тулгуурлах бус, олон эх сурвалжийн мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргах ёстой. ХЭҮК энэ зарчмын дагуу ажиллаж байгаа бөгөөд шалгалтын дүнг удахгүй олон нийтэд мэдээлнэ.