Автобусны жолооч Даваасүрэнгийн Азжаргал ажлаа хийж явахдаа шатаж байсан байшингаас 30 настай залуу, 10 настай хүүхдийг аварчээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Таныг ажлаа хийж яваад хүний амь аварсан гэсэн мэдээлэл цахим орчинд түглээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Би зорчигчдоо авч эхэлж байтал өглөө 08:00 цагийн үед буудлын хажууд байшингаас гал авалцаж эхэлсэн. Тэгээд дотор нь хүн байж магадгүй гэж бодоод очоод цонхыг нь хагалаад хартал аав, хүү хоёр унтаж байсан.
-Гал хэр газар авсан байсан бэ?
-Салхи нь дээрээсээ байсан болохоор хурд удаан байсан. Гэхдээ байшин нь хуурай модтой болохоор хурдалж эхэлсэн. Аав, хүү хоёрыг гаргаж ирсний дараа үүдний амбаар нь шатаад дуусаж байсан.
-Тэр хоёр хүний биеийн байдал ямархуу ажиглагдсан бэ?
-Азаар аав, хүү хоёр угаартаагүй байсан. Хараахан угаартаж эхлээгүй хэр нь гэр нь дүүрэн утаа болчихсон харагдсан.
-Ойр орчимд нь хүн байсан уу?
-Нэг залуу замаар явж байгаад харчхаад хүрээд ирсэн. Бид хоёр ороод тэр хоёрыг гэрээс нь гаргасан. Эхлээд утаа гарч байхыг хараад тэр залуу гал команд дуудсан. Чи гал команд дуудсан уу гэтэл дуудсан гээд бид хоёр гал гарч байсан байшин руу очсон.
-Галын машин хэр хурдан ирсэн бэ?
-Би дээшээ эцсийн буудал орчхоод эргээд иртэл галын машин ирчихсэн унтрааж байсан.
-Та тухайн аав хүү хоёртой эргэж холбогдсон уу?
-Түрүүн тийшээ очихдоо холбогдсон. Чи 10 минут л хоцорсон бол эвгүйтэх байж гэж байна лээ. Баярлалаа гэсэн.