2025 оныг Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ) хаягдал усны бохирдлыг бууруулах жил болгон зарлаж, "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе" челлэнжийг эхлүүллээ. Энэ хүрээнд бохир усны шугам бөглөрөхөөс сэргийлэх, хэрэглэгчдийг зөв дадалд сургах, цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах зэрэг ажлууд хийгдэх юм.
УСУГ-ын бохир усны шугамын инженер А.Энхбаяр энэ талаар "Бие засах суултуурт ариун цэврийн цаас, нойтон болон усанд уусдаггүй салфетик, өөх тос хийснээс болж бохир усны шугам бөглөрч, зам талбай руу халих, цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулдаг. Иймд 2023 оноос хэрэглэгчдийн дундын шугам дээр бохир усны худагт шүүр тавьж, долоо хоногт 2-3 удаа авч цэвэрлэж байна. 2025 оны эхний улиралд багтаан нийслэлийн хэмжээнд 430 гаруй ширхэг шүүрийг суурилуулахаар төлөвлөж байгаа" хэмээн мэдээллээ.
Тэрээр цааш нь "Иргэдээс хүсэхэд 00-ын суултуур руу цаас, нойтон салфетик зэргийг хаяхгүй байхыг уриалж байна. Мөн хаягдал усны бохирдлыг бууруулах "Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе" челлэнжид нэгдэхийг уриалъя" гэжээ.
Хүмүүс ариун цэврийн өрөөний суултуур руу төрөл бүрийн зүйл хийдэг. Сантехникчид зарим тохиолдолд хуванцар сав, тоосго, хувцас зэрэг урьд өмнө хэзээ ч төсөөлөмгүй зүйлсийг хоолойноос гаргаж ирдэг байна. Харин олон хүн шүдний утас, үхсэн загасаа суултуур руу хийгээд урсгадаг. Тэгвэл та дараах зүйлсийг ус руу хийхээс зайлсхийгээрэй:
Ариун цэврийн цаас – Усанд уусдаг гэж боддог ч хоолойд хуримтлагдах эрсдэлтэй.
Шүдний утас – Нийлэг мяндаслаг учир хоолойд наалдаж бөглөрөл үүсгэнэ.
Бохь – Усанд уусдаггүй, наалдаж бөглөрөл үүсгэдэг.
Загас – Үхсэн загас хоолойд гацаад зогсохгүй, амьд загасыг устгах эрсдэлтэй.
Шархны лент – Усанд уусдаггүй тул бөглөрөл үүсгэдэг.
Харааны линз – Байгальд задардаггүй тул бохирдол үүсгэдэг.
Муурны ялгадас – Усанд уусахгүй, хоолойд наалдаж бөглөрнө.
Хлорын найрлагатай цэвэрлэгч – Хоолойг гэмтээж, хэврэг болгодог.
Нүүрний маск – Шавар маск хоолойд наалдаж, бөглөх эрсдэлтэй.
Цайны шаар, навч – Хуримтлагдвал бөглөрөл үүсгэнэ.
Гялгар уут – Байгальд хор хөнөөлтэй.
"Усанд уусдаг" гэж бичсэн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд – Үнэхээр бүрэн уусдаг эсэхийг шалгах хэрэгтэй.
Эдгээр зүйлсийг зөв зохистойгоор хаяж, бохир усны системийг хамгаалахад хувь нэмрээ оруулцгаая!