Донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр 7 жил донор хүлээж буй иргэн Г.Төмөр:
-Миний бие энэ индэр дээр мянга, мянган донороо хүлээж буй, эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай бөөрний дутагдалтай хүмүүсийн нэгэн төлөөлөл болж гарч ирлээ. Би Гончигийн Төмөр, 1977 онд Өмнөговь аймагт төрсөн. Хилийн цэрэгт 2009-2019 оны хооронд ажиллаж байгаад, 2019 онд бөөрний дутагдал гэх оноштойгоор гемодиализийн аппаратад орох шаардлагатай болсон. Өнөөдрийг хүртэл, нийт 7 жилийн хугацаанд би энэ аппаратад найдаж амьдарч байна.
Эрүүл мэндийн хувьд олон асуудалтай нүүр тулж байна. Зүрх өвдөх болсон, өдөр бүр олон төрлийн эм уудаг бөгөөд үүний улмаас ходоодны асуудал нэмэгдэж, даралт 210-220 хүртэл өсөх үе ч гардаг. Өдөр хоног өнгөрөх тусам би эрхтэн шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай гэдгээ улам бүр ойлгож байна. Хэрэв надад тохирох донор олдож, бөөр шилжүүлэн суулгах боломж гарвал амьдрал маань эрс сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Би IV бүлгийн цустай, донор хүлээлгийн жагсаалтад 14-т бүртгэлтэй. Надтай адилхан I, II, III бүлгийн цустай хэдэн зуун өвчтөн энэ хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Эдгээр хүмүүс надтай адил тархины үхжилттэй донорын жагсаалтад орсон. Миний бага хүүхэд таван настай. Би хэдэн жил ч болов амьд мэнд байхыг, хүүхдээ өсгөж, түүнтэйгээ хамт байхыг маш их хүсэж байна.
Би зөвхөн бөөрний дутагдалтай, өөр ямар нэгэн халдварт өвчингүй, B, C вирус ч байхгүй. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд бэлэн, ганцхан донороо л хүлээж байна. Тархины үхжилттэй донорын жагсаалтад орсон ч аль хэдийн 7 жил өнгөрчээ. Би долоо хоногт гурван удаа даваа, лхагва, баасан гарагуудад гемодиализийн аппаратад ордог. Нэг удаа 4 цагийн турш энэ аппаратад холбогддог. Энэ л миний 7 жилийн амьдрал.
Надтай хамт аппаратад ордог хүмүүсийн зарим нь дараагийн уулзалтад ирдэггүй, амьсгал хураасан байдаг. Маргааш өглөө би амьд сэрэх болов уу гэж бодоход 5 настай хүүхдээ хараад сэтгэл өвддөг.
Өнөөдөр улсаас бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд улирал тутамд 60 мянган төгрөгийн эм тарианы дэмжлэг үзүүлж байна. Гэвч энэ хангалттай биш. Амьдралын чанар, ирээдүйдээ итгэх итгэл минь зөвхөн нэг л зүйлээс хамаарч байна.