Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) 2025 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна. Өнөөдөр /2025.03.21/ тус илтгэлийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгуулагдаж байна.
Илтгэлийн гол сэдвүүд:
-Сонгох, сонгогдох эрх – Сонгуулийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт
-Хүний эрх хамгаалагчид – Өмгөөлөгч, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал
-Хүний эрх ба технологи – Мэдээллийн эрин дэх сорилтууд
-Жендэрт суурилсан хүчирхийлэл – Технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг
-Хүүхдийн эрх – Насанд хүрээгүй хүний бэлгийн эрхийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал
-Шударгаар шүүлгэх эрх – Өмгөөлөгчдийн оролцоо, тулгамдсан асуудлууд
Энэхүү илтгэлийн хүрээнд сонгуулийн үйл явц бүх нийтийн байх зарчимд бүрэн нийцэхгүй байгаа талаар онцолжээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад амьдарч буй иргэд, оюутнуудын санал өгөх боломж хязгаарлагдмал байна.
Мөн өмгөөлөгч, сэтгүүлчдийн эрхийн талаарх судалгаагаар өмгөөлөгчдийн 7.3% нь эрхээ огт хамгаалуулж чаддаггүй, сэтгүүлчдийн ажиллах орчин жилээс жилд хүндэрч байгаа талаар дурджээ. “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын 2024 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг “муу” түвшинд байна гэж дүгнэж, 180 орноос 109-д эрэмбэлсэн байна.
Энэхүү 24 дэх илтгэл нь хүний эрхийн тулгамдсан асуудлыг хөндөн, холбогдох шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж
| ХЭҮК
|