Эх орныхоо баруун-зүүн, өмнөд-хойд цэгт орших соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замын гүйлтийг 99 хоногт гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч, дэд ахлагч Б.Буянхишиг нар бэлтгэлээ хангаж байна.
Хэт холын марафон гүйлтийг таван цэгт гүйцэтгэхээр цэргийн алба хаагчдыг 03 дугаар сарын 20-ны өдөр Монголын хэт холын марафоны холбооны удирдлагууд хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гараанаас гарах бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр барианд орохоор төлөвлөөд байна. Гүйгчдэд Монголын хэт холын марафоны холбооны удирдлагууд амжилт хүсэхийн сацуу “Lowa” брэндийн Монгол Улс дахь албан ёсны борлуулагчаас гүйлтийн явцад өмсөх гутал, бусад хэрэгслийг бэлэглээд байна.