Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой тохиож байна. 1981 оны энэ өдөр Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа Зөвлөлтийн сансрын нисгэгч Владимир Жанибеков-ын хамтаар Байконур дахь хөөргөх төвөөс “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, эх орныхоо түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.
Тэд сансарт 7 хоног, 20 цаг, 42 минут байх хугацаандаа нийт 124 удаа дэлхийг тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэ түүхэн үйл явдлын үр дүнд Монгол Улс:
-Сансрын уудамд техникээ гарган туршсан дэлхийн тав дахь орон,
-Сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон,
-Өөрийн сансрын нисгэгчтэй дэлхийн 10 дахь орон болж, сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.
Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болж, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд дуурсгасан юм.
Монгол хүн сансарт нисэх замнал
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан. 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг төгссөн тэрээр 1978 оноос Зөвлөлтийн Юрий Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн юм.
Монгол хүн сансарт нисэх үйл явц 1976 оноос эхтэй. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан комисс байгуулагдаж, сансрын нисгэгчдийн бэлтгэлийг эхлүүлжээ. Улмаар Д.Сайнцог, С.Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа нарын дөрвөн хүн шалгарч, ЗХУ-д бэлтгэлд явсан байдаг. Тэднээс эцсийн шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн нь Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа байсан юм.
Сансарт монгол судалгааны төхөөрөмжүүд ажилласан
Ж.Гүррагчаа сансрын нислэгийн үеэр Монгол Улсад үйлдвэрлэсэн эрдэм шинжилгээний багаж, төхөөрөмжүүдийг ашиглан олон төрлийн туршилт хийсэн бөгөөд түүний үр дүн өнөөг хүртэл Монголын шинжлэх ухааны салбарт чухал байр суурь эзэлсээр байна.
Монгол түмний бахархал
1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр сансрын нисэгч Ж.Гүррагчааг хөөрөхөд Монголын ард түмэн баяр хөөртэйгөөр угтан авсан. Хотын гудамж талбайд хүмүүс бөөгнөрч, радио, телевизээр шууд дамжуулалтыг сонсож, “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудсууд хаа сайгүй харагдаж байсан түүхтэй.
Энэхүү түүхэн нислэгийг үнэлэн Ж.Гүррагчаад Зөвлөлт Холбоот Улсын баатар, БНМАУ-ын баатар цол олгож, эх орныхоо нэрийг сансрын уудамд мөнхөлсөн гавьяаг нь алдаршуулсан юм.
44 жилийн өмнөх энэ үйл явдал Монголын шинжлэх ухааны хөгжилд томоохон үсрэлт авчирсан төдийгүй, сансар судлалын салбарт Монгол Улсын байр суурийг бататгасан түүхэн гавьяа болсон билээ.