Dark Light
Нийгэм | 2025-03-22

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дэлхийн усны өдрийг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд дэлхий нийтээрээ "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэдэг. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1992 оны тогтоолоор зарласан бөгөөд Монгол Улс 2005 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго нь усны ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж, усны нөөцийг хамгаалах талаар уриалан дуудах юм.

"Цэнхэр алт" үндэсний чуулган боллоо

Усны өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Цэнхэр алт" үндэсний чуулган өчигдөр болж, усны салбарын 1200 гаруй төлөөлөгч оролцов.

Чуулганы үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны салбарт "Цэнхэр алт" хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон талаар онцолсон бол БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа 2025 оныг "Мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил" болгон зарласнаа дуулгав.

Монголын мөсөн голууд хайлж байна

Усны газрын дарга З.Батбаяр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голын талбай жилээс жилд багасаж буйг онцолж, "Манай улсын газрын доорх усны нөөцөөс дөрөв дахин их мөсөн гол хайлаад байна. Үүнийг зогсоох арга зам нь ус хуримтлуулах" хэмээн мэдэгдлээ.

Түүний хэлснээр, усыг хадгалж үлдэх хамгийн энгийн арга бол цас, борооны усыг хуримтлуулах явдал юм. Тухайлбал, нийслэлийн 150 мянган өрхийн байшингийн дээврээр дамжин хөрсөнд алдагддаг борооны усыг зөв зохистой ашиглаж чадвал 30 мянган тонн усыг ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээнд ашиглах боломжтой аж.

Усны нөөц ба Улаанбаатар хот

Монгол Улсын нийслэл 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд 4 сав газар бүхий өргөн уудам нутагтай. Нийслэлийн хэмжээнд 250 гаруй булаг шанд, 20 гаруй рашаан ус, 40 гаруй нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдгээр байгалийн усны эх үүсвэрүүд ширгэх эрсдэлтэй болж буй тул усны нөөцийг хамгаалах нь тулгамдсан асуудал болоод байна.

Мөсөн гол, усны нөөцөө хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хайлж, усны нөөц багасч буй энэ үед Монгол Улс олон улсын хэмжээнд "Мөстөл, мөсөн голоо хамгаалъя" гэсэн уриалгыг дэвшүүлэн, усаа хайрлах сэдлийг олон нийтэд түгээх нь нэн чухал байна.

Хүн бүр хэрэглээгээ хянаж, усны хэмнэлттэй хэрэглээг дадал болгох, борооны усыг хуримтлуулж ашиглах нь усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00