Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.03.22-ны өдрийн 2025/ЦХШЗ/813 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2025.03.22 №11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэж буруутгажээ. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэргийг үйлдсэн бөгөөд яллагдагч нь тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан хэргийг байнга үйлдэж, ашиг олох зорилготой байсан гэж үзэж байна.
Түүнчлэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилж, шилжүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн гэж прокурорын газраас мэдэгдэж байна. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар "хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа..." гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй гэж үзсэн тул яллагдагч А.О-д 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргалаа.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн