Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил нийт зургаан удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг болох ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээ гуравдугаар сарын 22-ноос эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттайгаар үргэлжлэх гэж байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: "Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид аж ахуйн нэгж (ААН), байгууллагууд өөрсдийн ойролцоох 50 метрийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлагууд болон газрын албан хаагчдыг хамруулан өргөн хүрээтэй цэвэрлэгээ зохион байгуулна" гэж мэдээллээ.
Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хаврын улиралд ихэсдэг тоосжилтыг багасгах зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн цэвэрлэгээний онцлог нь гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудлуудын чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийх явдал юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсоноор Улаанбаатар хотын өнгө үзэмж сайжрахаас гадна эрүүл, таатай орчныг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.