Dark Light
Нийгэм | 2025-03-24

ХЭҮК: ИРГЭДИЙН ХАЛДАШГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцууллаа.
Г.Нарантуяа: "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтанд холбогдох ХЭҮК-оос хийсэн дүгнэлтийг танилцуулъя. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Ноорог Креатив студио" ХХК-ийн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын найман ажилтныг 2025 оны гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө 22:00-07:00 цагийн хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, цахим төхөөрөмжүүдийг хураан авч, тэдний халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Энэ мэдээллийг ХЭҮК-ын гишүүнд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Комисс мэдээллээр бүртгэж шалгах ажиллагаа явуулсан. Мэдээллийн мөрөөр Комисс иргэн О.У, түүний өмгөөлөгч Б.У, "Ноорог Креатив студио" ХХК-ийн үйл ажиллагаа болон албан саатуулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл бүхий бусад хүмүүсээс мэдээлэл авч, 2025 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагын болон төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны олон нийтэд өгсөн бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийж, Улсын прокурорын ерөнхий газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдол мэдээллээр тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа, хэдэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа, Эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, гар утас, компьютер, хард дискийг хурааж авч үзлэг хийх зөвшөөрөл авсан эсэх, бүрэн бүтэн байдлыг хангах талаар арга хэмжээг авсан эсэх, өмгөөлөгчөөр хангагдсан эсэх гэх мэт найман асуудлын хүрээнд тайлбар авах албан хүсэлт явуулсан. Үүний дагуу бичгээр тайлбар авсан. Мөн холбогдох цагдаагийн байгууллагын алба хаагчидтай биечлэн уулзаж эдгээр баримтуудад үндэслэн дүн шинжилгээ хийж энэхүү дүгнэлтийг гаргаж байна. Гурван асуудлаар дүгнэлт гаргасан. 
Нэг, иргэн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч болов эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, хүний нэр төрийг доромжилж болохгүй. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ гэж заасан. Энэ эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар гэмт хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.6 дугаар зүйлийн 3-т зааснаар эрхийг сануулна гэж хуульчилсан. энэ эрхийг хангаагүй. Хойлуулшгүй ажиллагаа явуулсан үндэслэл тодорхойгүй. Ямар үндэслэлээр баривчилсан талаарх мэдээлэл зөрүүтэй байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-ын фейсбүүк хаягаас “Ноорог гэх фейсбүүк пейж хаягаас дандаа худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ шүү дээ” гэсэн утга бүхий мэдээлэл оруулсныг гэмт хэргийн бүртгэлд авч, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн гэх тайлбар өгсөн. Мөн иргэн О.У өмгөөлөгч Н.Б-ийн 9978 бүхий утасны дугаарт гуравдугаар сарын 18-ны өглөө 04:55 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 8686 бүхий дугаараас Эрүүгийн хуулийн 19.9.1 Улс үндэсний эв нэгдлийг бусниулахтай холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсэж байгаа юм байна. тогтоол дээр зурснаар баривчлах ажиллагаа эхэлнэ гэнэ. Яах вэ? У байна гэх мессеж илгээсэн нь ХЭҮК-т баримтаар ирсэн. Мөн тухайн иргэдийн хоёр нь өмнө нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн .... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг Эрүүгийн тухай хуулийн 20.17 дугаар зүйл мөрийтэй  тоглоом зохион байгуулах хэргүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгагдаж байгаа. Гэхдээ энэ нь хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна. ХЗДХ-ийн сайд, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд гуравдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулаад, иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан. Иргэдийг мөрдөн мөшгөх, мэдээллийг нь цуглуулах, хууль бусаар эрх чөлөөнд нь халдах, хувь хүний мэдээлэлд халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, амиа хорлох гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх албаны байр суурийг илэрхийлж, олон нийтэд өгсөн мэдээлэл нь дээрх Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичиг, иргэн О.У түүний өмгөөлөгч нарын тайлбар, бусад холбогдох баримтуудаас зөрүүтэй байна. Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд энэ ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдэнэ. Ажиллагааг явуулснаас хойш 24 цагийн тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг баримт тайлбарын хамт бичгээр хүргүүлнэ. "Ноорог Креатив студио" ХХК-ийн найман ажилтныг баривчлахдаа өмгөөлөгчөөр хангах, баривчлагдсан үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. 
Хоёр, иргэн О.У, Б.Х, А.О, Б.П, Ё.Т, Н.Б, Б.Б, Б.Б нарын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөндөж, Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл, зоригийг мохоох үйл ажиллагаа явуулсан хэмээн дүгнэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11