Өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга М.Цогтбаатар, Боловсролын ерөнхий газрын дарга Д.Ням-Очир, Монголын үндэсний зуслангуудын холбоо ТББ-ын тэргүүн Т.Түвшин болон бусад төлөөлөлтэй уулзлаа.
Одоогоор улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байгаа хэдий ч 30 гаруй нь тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр, хяналт, орчин нөхцөл, хүний нөөц дутмаг байна. Зуслан нь хүүхдийг амьдрах ухаанд сургах, хөгжүүлэх цогц хөгжлийн төв байх ёстой. Нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд, багачуудад олгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Хүүхдийн зуслангийн асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд цогцоор нь харах хэрэгтэй. Тухайлбал боловсрол, соёл, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын салбар дундын асуудал юм.
Цаашид “ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ” –ийг хийх зорилгоор үндэсний хэлэлцүүлгийг салбар бүрийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, зуслангийн хөгжилд салбар бүрийн оролцоог тодорхойлох олон улсын сайн туршлагуудыг судалж, нутагшуулах, хүүхдийн зуслангийн хөгжил-бодлогын шинэчлэлийг хийх, талаар санал нэгдлээ.