Dark Light
Нийгэм | 2025-03-25

Н.МУСТАФА: НЭГ ҮЕЭ БОДОХОД МАНАЙ АЙМАГТ БӨХ ХӨГЖИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Бөхийн ертөнцөд амжилт гарган, Баян-Өлгий аймгийн нэрийг өндөрт өргөж яваа улсын өсөх идэх начин Н.Мустафатай ярилцлаа. Тэрээр бага насныхаа дурсамж, казах түмний ёс заншил, бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан тухайгаа дэлгэрэнгүй хуваалцав.
 
-Та багадаа Наурызын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?
 
-Бидний хүүхэд нас энэ баяраар улам л онцгой өнгөрдөг байлаа. Багадаа бид найз нартайгаа нийлж, гэр гэрээр орж баярын мэнд хүргэх нэрийдлээр олон айл хэснэ. Заримдаа таньдаг хамаатнуудынхаа гэрт, заримдаа огт танихгүй айлд ч орчихно. Хамгийн хөгжилтэй нь, нэг удаа найз маань хамаатныхаа айлыг андуураад огт танихгүй хүмүүсийнд дагуулж орсон юм. Тэр айлынхан биднийг гайхсан ч, яах ч үгүй, баяр хөөртэйгөөр дайлж цайлаад гаргасан. Энэ дурсамж миний санаанаас гардаггүй. —
 
-“40 айл хэсэх” гэдэг уламжлал байдаг шүү дээ...
 
-Казах түмний дунд "40 гарахгүй барах газар үгүй" гэх үг бий. Энэ нь Наурызын баяраар айлуудаар хэсэж, ерөөл дэвшүүлж, ахмадуудаас адис авдаг заншилтай холбоотой. Бид нэг гудамныхаа айлуудаар эхэлж, дараа нь хамаатнуудаараа орж, улмаар найзуудын маань танил айлуудаар зочилсоор л байдаг байсан. Нэг өдөрт 40 айлд амжиж орно гэдэг бараг боломжгүй. Гэхдээ 10 гаруй айлд орж, хоол идэж, баярын уур амьсгал мэдрэх нь хүүхдүүд бидний хувьд мартагдашгүй мөч байлаа.
 
-Казах түмний ерөөл, зан заншил таны гэр бүлийн хувьд ямар үнэ цэнтэй вэ?
 
-Бидний соёлд баярын ширээний ард суухын өмнө ерөөл хэлж, ахмад настнуудын үгийг сонсох чухал уламжлалтай. Манай ахмад үе ерөөл дэвшүүлж, буян хишиг хүсдэг. Ингэхдээ хоол идэхээсээ өмнө ерөөл хэлж, залуус түүнээс нь энерги авч байна гэж үздэг. Сүүлийн үед шинжлэх ухаан энэ уламжлалыг баталсан байдаг. Жишээлбэл, япончууд усанд эерэг үг хэлэхэд молекулын бүтэц нь өөрчлөгддөг тухай судалгаа хийсэн. Тэгэхээр бидний уламжлал зүгээр нэг зан заншил бус, үнэхээр энергитэй холбоотой юм билээ.
 
-Наурызын баяраар ямар уламжлалт тоглоом тоглодог вэ?
 
-Казах түмний баярын өдөр бөхийн барилдаан заавал зохиогддог. Мөн "Тулам булаацалдах" гэх мэт үндэсний тоглоомуудыг тоглодог. Энэ тоглоом нь хүч чадал, авхаалж самбаа шаарддаг. Үүнээс гадна тоормос хөгжим тоглож, бүжиг бүжиглэж, ардын дуу дуулан баярладаг.
 
-Та бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ?
 
-Би багаасаа найзуудтайгаа ноцолдож өссөн. Эхэндээ бөх болох зорилгогүй байсан ч барилдаж үзэхэд их таалагдаад сонирхож эхэлсэн. Тэгээд өсвөрийн барилдаанд түрүүлж, аймгийн начин болж, бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй орсон доо.
 
-Баян-Өлгий аймгийн бөхийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
 
-Манай аймагт нэг хэсэг бөхийн хөгжил сул байсан үе бий. Улсад барилддаг бөх цөөхөн, бэлтгэл сургуулилт ч хомс байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуу бөхчүүд ихээр төрөн гарч, улсад 10-аас илүү бөх барилддаг болсон. Энэ нь манай нутгийнхны бөхдөө хайртай, бөхчүүдээ дэмждэг зан чанартай холбоотой гэж боддог.
 
-Бөх болохыг хүсэж буй залууст хандаж юу гэж хэлэх вэ?
 
-Удам судраас илүү өөрийн хичээл зүтгэл хамгийн чухал. Удам сайтай ч хичээллэхгүй бол амжилтанд хүрэхгүй. Харин хүч хөдөлмөрөө гаргаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн хүн амжилтад хүрнэ. Тиймээс залуу бөхчүүдэд хэлэхэд, зорилгоо тодорхойлж, тууштай зүтгэх хэрэгтэй.
 
-Ярилцлагын төгсгөлд Наурызын баярт зориулан мэндчилгээ дэвшүүлээч?
 
-Бүх казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэе! Казахын ард түмэн эв найрамдалтай, эрүүл энх, элбэг хангалуун байж, ахмад үеийн ерөөлөөр ирээдүй нь гэрэлтэж байг! "Улс он болсон, ах мал болсон" гэж билэгшээдэг дээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00