УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодруулаа.
-Таны хувьд Донорын тухай багц хуулийг өргөн барьж байгаа. П.Батчулуун эмч Донорын хууль учир дутагдалтай байгаагийн улмаас хоригдоод байна гэх хэсэг байна. Хуульд ямар заалт орж байж эдгээр эрсдэлүүдийг хаах боломжтой гэж харж байна вэ?
-Энэ бол ганцхан Батчулуун гэдэг хувь хүний асуудал биш. Яагаад гэхээр эрүүл мэндийн салбарын гол үр дүн итгэлцлүүр дээр тогтож байдаг. Нэг ёсондоо ард иргэд Монгол Улсынхаа эрүүл мэндийн тусламжийн чанарт итгэх үү гэдэгтэй холбоотой асуудал. Би үүнийг юу гэж харж байна гэхээр Батчулуун эмчээр дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг доройтуулах гэсэн, бидний өдийг хүртэл өсгөж бойжуулсан, өнөөдөр чаддаг болсон зүйлийг чаддаггүй мэт харагдуулах гэж байгаа том оролдлого гэж харж байна. Нэг ёсондоо эрүүл мэндийн салбар руу тэр чигээр нь дайрч байгаа дайралт гэж харж байна. Өнөөдөр бид элэг бөөр шилжүүлэн суулгах, ясны чөмөг суулгадаг дөрвөн эмнэлэгтэй болчихсон. Түүнийг нь Эрүүл мэндийн даатгалаараа даагаад овоо урагшаа явж байтал хөлөөс нь татаад унагаах гээд байгаа юм. Батчулуун эмчтэй холбоотой асуудал гарснаас хойш амьгүй донорын нэг ч олдоц байхгүй. Нэг ч өвчтөн энэ тусламжийг авч аврагдаж чадахгүй мянга мянгаараа нас барж байна гэсэн үг. Энэ нь цаагуураа юу агуулж байна гэхээр Монгол Улсын эдийн засгийг доройтуулах бас л нэгэн арга заль байхыг үгүйсгэхгүй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр олон иргэд монголдоо биш гадаадад эмчлүүлэхээр явж байна шүү дээ. Бид болохоор монголдоо эдийн засгийн дарамтгүй, санхүүгийн дарамтгүй эмчилье гээд зориод л байна. Тэр зорилго маань биелэхгүй байгаагийн нэг шалтгаан. Яагаад би ингэж бодож байна гэхээр одоо үйлчилж байгаа Донорын хуулиараа Батчулуун эмчийн холбогдсон асуудлыг Зөрчлийн хуулиар шийдэх бүрэн боломжтой. Яагаад нэг тал руу нь заавал ингэж ял өгөх гэж дайраад байгаа юм бэ. Ямар сонирхол байгаад байгааг би ойлгохгүй байна.
-Зарим эмч нарын хувьд Донорын тухай хуульд нарийвчилж заагаагүй эрхтнийх нь нэрийг биччихсэн байдаг. Мөн дээрээс нь эс эд, цусны донор хамтдаа яваад байгаа учраас асуудал үүсээд байна гэх байр суурьтай байна л даа. Үүнийг шинэ багц хуульд хэрхэн тусгасан бэ?
-Өнгөрсөн парламентын үед цусны донор эс эд, эрхтэн шилжүүлэн суулгах гээд тусдаа хоёр хууль болгоод өргөн барьсан. Хэлэлцэж чадахгүй байсаар хойшилсон. Одоо дахин өргөн барихаар, Засгийн газраас дахин санал авахаар хүргүүлчихсэн байгаа. Энэ хууль байсан байгаагүй одоо үйлчилж байгаа хууль дотор хэрвээ гэмт хэргийн шинж чанаргүй бол Зөрчлийн хуулиар шийдэх бүрэн боломжтой. Нэг ёсондоо тухайн амьгүй донороос элэг, бөөрийг нь авахыг ар гэр нь зөвшөөрсөн гагцхүү шөрмөс, дагалдах судсуудыг авахдаа зөвшөөрөл аваагүй гэдэг байдлаар энэ байдал үүсээд байгаа. Дээрээс нь хулгай хийчихсэн юм шиг нийгэмд хүргэх нь эрүүл мэндийн салбарын тогтолцоог тэр чигт нь ганхуулж байгаа дэндүү гүтгэлгийн шинж чанартай зүйл. Өнөөдөр Монгол Улсад эд эс, эрхтэн наймаалцах түвшинд болоогүй ээ. Тийм боломж ч байхгүй. Нөгөө талаасаа бид 2022 онд Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндэсний хэмжээнд ёс зүйн хороотой байхаар ЭМЯ-ны дэргэд байх заалт оруулсан. Энэ байгуулагдсан байсан бол энэ хэрэг үнэхээр гэмт хэргийн чанартай байна уу, үгүй юу гэдгийг экспертизийн дүгнэлтийг ЭМЯ-ны ёс зүйн хорооноос гаргачих ёстой байхгүй юу. Ийм боломжууд байгаа. Тиймээс хууль цоорхой учраас ийм зүйл болсон биш шүү.
-П.Батчулуун эмчийн биеийн байдал хүнд байгаа талаар салбарынхан нь илэрхийлсээр байна. Та өмгөөлөгчидтэй нь уулзсан уу. Мэдээлэл авсан уу?
-Хүний эрхийн дэд хороон дарга Эрдэнэболд гишүүнтэй 461 дүгээр ангид байхад нь очиж байсан. Биеийн байдал нь нэлээд хүнд, стресс ихтэй. Урьд нь инфакт өгч байсан. Зүрхний кранаар титэм судсандаа дөрвөн ч стэнд тавиулчихсан байсан. Сая найман стэндтэй болж байна. Ер нь тэтгэвэрт гартлаа мэс заслын эмчээр ажиллана гэдэг асар их тэсвэр хатуужил. Олон олон шарх сорвийг зүрхэндээ тээдэг л дээ. Тэгээд тэтгэвэртээ гарах гээд энэ албыг хөгжүүлэх гээд зөндөө олон жил ажиллалаа. Дээрээс нь биеийн байдал нь тааруу. Миний авсан мэдээллээр шинээр сүрьеэ хүртэл авсан байгаа. Энэ бүхэн үнэхээр туйлдуулж л байна л даа. Шүүхийн байгууллагад нөлөөлж болохгүй. Гэхдээ бас бүхэл бүтэн салбарыг мөхөөж болохгүй гэдгийг зориуд хэвлэл мэдээллээр дамжуулж хэлмээр л байна.