ЭМГЭНЭЛ
ПАГВАЖАВЫН НЯМДАВАА
(1947-2025)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Шинжлэх Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Улсын Их хурлын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан төр, нийгмийн зүтгэлтэн Пагважавын Нямдаваа нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
П.Нямдаваа нь 1947 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрж, 1966 онд Хүн эмнэлгийн техникумыг Хүний бага эмч-эх баригч, 1971 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 1977 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит Их сургуульд Анагаах ухааны доктор, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Анагаах ухааны академийн Москва хот дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирус судлалын хүрээлэнд Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Тэрбээр Анагаах ухааны дээд сургуульд багш, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын Улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирус судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, Эрүүлийг хамгаалах яамны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд Улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч, 1991-1996 он, 2000-2004 онд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 1998-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн зэрэг албыг нэр төртэй хашиж, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон шинэчилсэн төдийгүй Монгол Улсын анагаах ухааны вирус судлалыг үндэслэгч, Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн академи болох Монголын Анагаах Ухааны Академийг үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгч, нэрт эрдэмтэн байлаа.
Мөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Тайланд улсын Рангситын Их сургуулийн хүндэт доктор, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Зүүн Өмнөд Азийн Бүсийн хорооны Эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн, Номхон далайн Баруун Эргийн Бүсийн хорооны “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” бүсийн хорооны гишүүн, Вакцин дархлаажуулалтын Глобаль альянсын Удирдах зөвлөлийн гишүүн, Томуу болон амьсгалын замын бусад вируст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Оросын Холбооны Улсын Анагаах Ухааны академийн сэтгүүлийн эрхлэгчдийн зөвлөлийн гадаад гишүүнээр тус тус ажиллаж байв.
Тэрбээр монгол, англи, орос, герман хэлээр нийт 900 гаруй бүтээл хэвлүүлж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөндлөнгийн хянан магадалгаа (Peer-reviewed) сэтгүүлд нийтлүүлсэн бүтээл, түүнээс эш татсан тоогоороо Монголын анагаахын эрдэмтдийг тэргүүлдэг, дэлхийд танигдсан эрдэмтэн байлаа.
Монгол Улсын төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Академич, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг тус тус хүртээсэн юм.
Пагважавын Нямдаваа таны эрүүл мэнд болон шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр, төлөв даруу зан чанар бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Л.ЭНХНАСАН, Ч.УНДРАМ, Ж.ЭНХБАЯР, Т.МӨНХСАЙХАН,
С.ДЭМБЭРЭЛ, Г.БАТ-ОРХОН, Н.ЛХАГВАДОРЖ