УИХ-ын гишүүн Б.Уянга Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1.1.2-т ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Мөн 6.6.2-т газрын хэвлий түүний баялаг төрийн нийтийн өмч байна гэж тус тус заасан. Энэ утгаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж хэрэгжиж эхэлж байгаа нь бидний хувьд том амжилт. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй хойч үеийн өв сан нэгдүгээр төрөлжсөн сан. Бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн сан хоёрдугаар төрөлжсөн сан. Мөн иргэдийн эрүүл мэнд, амьдрах байр сууц, боловсролд зориулах Хуримтлалын сан гэсэн гурван дэд сантай. Нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.доллар. Энэ орлогын 2 хувийг Хуримтлалын санд жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол Хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөг биш 1.1 их наяд төгрөг хуримтлагдах байжээ. Монгол Улс ойрын жилүүдэд уул уурхайн төслүүдийн үр ашиг дээр тулгуурлан хөгжих нь тодорхой байгаа. Газрын хэвлий ашигт малтмалын хувьд хэтийн төлөв ихтэй. Тиймээс өнөөгийн хууль эрх зүйн орчны субьектив хандлага ихтэй тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалтыг үргээж байгаа зохицуулалтуудыг засаж, гадны хөрөнгө оруулалтуудад илүү нээлттэй байх цаг нь болсон. Иймээс Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа, цаашид дэмжиж ажиллах аж ахуйн нэгжүүд, УИХ-ын гишүүд салбарын бүх хамааралтай тоглогч талууд, оролцогч талууд холбогдох хуулийн төсөл дээр хамтран ажиллахыг хүсэж байна. Иймээс өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан энэ асуудлыг нийтэд хүргэхийг хүслээ.