Dark Light
Нийгэм | 2025-03-31

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН 24 ДЭХ ИЛТГЭЛИЙГ УИХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр /2025.03.31/ өргөн барилаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
 
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид 24 дэх илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн "Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа", "Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал","Хүний эрх ба цахим технологи", "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал", "Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт" гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, холбогдох 44 саналын хамт хүргүүлж буйг танилцууллаа.
 
УИХ-д хүргүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн холбогдох тогтоолыг баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг юм.
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн товч танилцуулгыг хүргэж байна.
 
Нэгдүгээр бүлэг. Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа
 
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үзэл баримтлалд тулгуурлан Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, иргэний сонгох, сонгогдох эрхийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулсан.
 
2024 онд Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгууль зохион байгуулагдлаа.
 
1992 оноос хойш Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй байгуулагдаж байсан бол Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оноос 126 гишүүдээс бүрдэх болсон бөгөөд 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох холимог сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлсэн онцлогтой сонгууль байлаа.
 
Комисс хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, шууд, тэгш эрхийн үндсэн дээр саналаа чөлөөтэй, нууцаар гаргах үндсэн зарчмыг хэрэгжүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх асуудлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаарх санал, зөвлөмжийг танилцуулав.
 
Хоёрдугаар бүлэг. Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал
 
Хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалахад үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгчид, нийгмийн шударга ёсыг шаардан, үзэл бодлоо илэрхийлж, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг сэтгүүлч нь бусдын болон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйлдлийн улмаас бусдын заналхийлэл, дарамт шахалт, халдлагад өртөх, ял шийтгүүлэх, амь насаа алдах эрсдэлтэй байна.
 
Ялангуяа хүний эрх хамгаалагч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь удирдлага болгодог Өмгөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сэтгүүлчийн хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ нэгэнтээ бий болсон байна. Эдгээр хуулиар өмгөөлөгч, сэтгүүлч нь хүлээсэн үүргээ чанартай, хариуцлагатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь хангасан, хариуцлагын тогтолцоог оновчтой хэрэгжүүлдэг механизмтай байх нь чухал юм.
 
Комиссоос 2024 онд хийсэн “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны үр дүн тулгуурлан өмгөөлөгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хуулийн хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломж, баталгааг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, шийдлийг энэ бүлэгт дэвшүүлсэн болно. 
 
Гуравдугаар бүлэг. Хүний эрх ба цахим технологи
 
Цахим технологийн хөгжил харилцаа холбооны хувьсгал хийж, мэдлэгийг “ардчилж”, бүтээмжийг дээшлүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах төдийгүй хүн төрөлхтний энх тогтвортой орших найдвар, шийдэл болж байна. Гэвч мэдээлэл, өгөгдлийг их хэмжээгээр цуглуулж, боловсруулах үндсэн горимоор ажилладаг цахим технологиуд хүний эрх, эрх чөлөөний ноцтой эрсдэлийг дагуулдаг.
 
Цахим технологийн эриний “газрын тос” гэгдэж буй хүний хувийн мэдээлэл, түүнд агуулагдах хувийн нууц, халдашгүй байх эрхийг хамгаалах нь орчин цагийн тулгамдсан асуудал юм. Иймд тус Комисс 10 салбарын 36 асуудлыг хамруулан “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтыг 2023-2025 онд зохион явуулж байна.
 
Энэхүү бүлгийг тус хяналт шалгалтын эхний үр дүнд суурилан боловсруулсан бөгөөд цахим хөгжлийн суурь нөхцөл, хууль сахиулах, ял эдлүүлэх ажиллагаанд ашиглаж буй зарим төрлийн технологийн хүний эрхийн үнэлгээ, хиймэл оюуны бодлого, зохицуулалт болон Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн хийдэл ба хэрэгжилтийг дүгнэсэн.
 
Дөрөвдүгээр бүлэг. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал
 
Дэлхий нийтээр технологийн хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг бий болгож, хүчирхийллийн  арга хэлбэр өөрчлөгдөж  байна.  Жендэрт суурилсан хүчирхийлэл нь цахим болон бодит орчинд аль алинд нь нөлөөлж буй асуудалд онцгой анхаарал хандуулж, илүү үр дүнтэй, цогц арга хэмжээ авах, хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн механизмууд зөвлөж байна.
 
Охид, эмэгтэйчүүдийн цахим орон зайг илүү аюултай болгож буй энэ асуудалд  Комисс анхаарал хандуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15.1.4.б-д заасан чиг үүргийнхээ хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Технологи ашиглан үйлдэгддэг жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал” түргэвчилсэн үнэлгээний тайлан болон Нэгдсэн үндэстний байгууллагаас гаргасан холбогдох тогтоол, зөвлөмжид үндэслэн бичиж, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, цаашид авч авах арга хэмжээний талаар тусгасан.
 
Тавдугаар бүлэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал 
 
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжид хүүхдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах зохицуулалт, төрийн зохих байгууллагын үүргийг хуульчилсан ч нийгэм хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй харин хурдацтай өсөж байгаад төр анхаарал хандуулах шаардлагатай байна. 
 
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд 2010 оноос НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг, Хүний эрхийн гэрээний хороодод Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх тайлан болон Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг тогтмол хэлэлцүүлж ирсэн бөгөөд  НҮБ-ын механизмуудаас хүүхдийн эрх, түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх эрхэд онцгой ач холбогдол өгч нэн тэргүүнд анхаарахыг зөвлөж байна.   
 
Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тусгайлан судалж, хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нарт тусламж үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалт, ярилцлага, хууль хяналтын болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагын тоон мэдээлэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрх, хамгааллын талаар эн тэргүүнд анхаарах асуудлын талаарх санал дүгнэлтийг тусгасан.
 
Зургаадугаар бүлэг. Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт
 
Шударгаар шүүлгэх эрхийн агуулга нь аливаа хүн эрүүгийн хэрэгт татагдсан үеэс эхлэн ял шийтгэл эдэлж дуусах хүртэлх үе шатыг хамруулсан өргөн хүрээтэй ойлголт юм. Гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа хүнтэй мөрдөн шалгах, шүүх эрх мэдлийн байгууллагууд хэрхэн харьцаж байгаа, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийг хэрхэн хүндэтгэн хамгаалж байгаагаас тухайн улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал, хууль дээдлэх ёс ямар төвшинд хүрснийг илэрхийлэх шалгуур үзүүлэлт болдог.
 
Хүний эрхийн Үндэсний Комисст 2024 онд ирсэн гомдол, мэдээллийн 52.9 хувь нь шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаарх гомдол мэдээлэл эзэлж байх ба агуулгаар нь авч үзвэл, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хилс хэрэг хүлээсэн, эрүү шүүлтээс ангид байх, хууль бусаар цагдан хоригдсон, орон байрны халдашгүй байдалд халдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтийн сүлжээнд зарласан, шүүх эрх мэдлийн болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон зэрэг гомдлууд дийлэнх хувийг эзэлж байна.
 
Энэ бүлэгт Комисст ирүүлсэн гомдол мэдээлэл, зохион байгуулсан хяналт шалгалт, шинжээч, судлаач нартай хамтран боловсруулсан судалгааны үр дүн, комиссын гишүүний шаардлага зөвлөмж, холбогдох байгууллагын баримт мэдээлэлд үндэслэн шударгаар шүүлгэх эрхийн зарим асуудлыг хөндөж, цаашид авах арга хэмжээний талаар боловсруулсан дүгнэлт саналыг тусгалаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00