Хаврын ядаргааны талаар Олон улсын эерэг сэтгэл заслын зөвлөх Д.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Хавар болохоор хүний бие яагаад ядардаг вэ?
-Хаврын улиралд байгалийн жам ёсоор өдөр уртасч, өглөө сэрүүхэн байсан бол өдөр нь дулаарч, температурын огцом зөрүү үүсдэг. Өвөлжин тогтуун, тогтвортой орчинд дасан зохицсон бие махбод хаврын шинэ хэмнэл, уур амьсгалд хариу урвал үзүүлж эхэлдэг. Үүнийг л бид "хаврын синдром" гэж нэрлэдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын ангилалд энэ байдал нь F48.0 буюу мэдрэл сульдлын хам шинж (Неврастени) гэж оношлогддог. Хүмүүсийн дунд энэ нь "мэдрэлийн ядаргаа" эсвэл "архаг ядаргаа" гэх нэрээр түгээмэл яригддаг. Энэ эмгэг нь зөвхөн сэтгэл зүйн бус, бие махбодын түвшинд ч илэрдэг.
Энгийнээр тайлбарлавал, гар утас байнга хэрэглэснээр батарей нь дуусдаг шиг, хүний мэдрэлийн тогтолцоо хэт их ачаалал, стресс, цаг уурын өөрчлөлтөөс болж суларч, сульддаг. Мэдрэл сульдлын хам шинж нь олон төрлийн шинж тэмдгээр илэрч болно. Жишээ нь, зөвхөн сэтгэлээр унасан байдал бус, бие махбодын өвдөлт, нойргүйдэл, дархлаа сулрал зэрэг шинжүүд зэрэгцэн илрэх боломжтой.
Хаврын улиралд бие махбодын бодисын солилцоонд өөрчлөлт орж, ажлын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалан сэтгэл зүйн тогтворгүй байдал ажиглагддаг. Зарим хүн илүү мэдрэг болж, бухимдуу болдог бол зарим нь бүр эсрэгээрээ хэт уян сэтгэлтэй, дурламтгай болох хандлагатай байдаг. Энэ нь тухайн хүний хувь хүний онцлог, сэтгэл зүйн тогтолцоо, цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байгаагаас шалтгаалдаг.
Иймд хаврын улиралд өөрийн эрүүл мэнддээ илүү анхаарч, зөв хооллож, амралтаа зохицуулж, сэтгэл зүйгээ тайван байлгах нь маш чухал юм.
-Тогтворгүй байдал үүсдэг гэх...
-Хаврын улиралд бидний сэтгэл зүй тогтворгүй болж, заримдаа ууртай, бухимдуу болох эсвэл эсрэгээрээ хэт хөөрч, сэтгэл санаа савлах тохиолдол гардаг. Бие махбодын хувьд ч ачаалал даах чадвар буурч, анхаарал төвлөрөл сулран, сэтгэлийн хөдөлгөөн илүү эмзэг, тогтворгүй болох нь түгээмэл ажиглагддаг.
Энэ үед хүмүүс ядарч, унтамхай болох хандлагатай байдаг. Зарим нь булчингийн сулрал мэдэрч, зарим нь ерөнхийдөө сульдаж, ажлын идэвх буурч, самбаачлах чадвар мууддаг. Өглөө сэрэхэд хэцүү болж, амархан ядрах нь түгээмэл үзэгдэл. Үүнээс үүдэн хүмүүсийн зан байдал өөрчлөгдөж, ойр орчны хүмүүстэйгээ үл ойлголцох, уур бухимдалтай байх нь нэмэгддэг.
Энэ бүх шинж тэмдгийг "хаврын синдром" гэж нэрлэдэг. Хавар болохтой зэрэгцэн мэдрэл сульдлын хам шинж, архаг ядаргаа гэх мэт асуудлууд нэмэгддэг бөгөөд нойргүйдэл, дархлаа сулрах, анхаарал төвлөрөлт буурах, сэтгэл хөдлөл тогтворгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Үүнээс үүдэн хүмүүс аливаа зүйлд сэтгэл ханамжгүй болж, амархан гомдолтой, бухимдуу болох нь түгээмэл.
Улирлын өөрчлөлт нь бидний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг тул зарим хүн нэг өдөр инээж хөхөрч, энгийн байдалтай явж байснаа маргааш нь огт танихгүй хүн шиг өөрчлөгдөх, бүр гүн хямралд орох тохиолдол ч гардаг. Тиймээс хаврын улиралд сэтгэл зүйн эрүүл мэнддээ илүү анхаарч, биеэ сайн чагнаж, өөрийгөө зөв удирдах нь чухал юм.
-Ядралт хэрхэн илэрдэг вэ?
-Өвөл, хаврын улиралд хүмүүсийн сэтгэл зүйн байдал ихээхэн өөрчлөгдөж, ядарч туйлдсан мэт санагдах нь түгээмэл тохиолддог. Хаврын улиралд хүний бие, сэтгэл санаанд олон төрлийн өөрчлөлт гарч, хүмүүс тогтворгүй зан араншинтай болдог. Жишээлбэл, зарим нь хэт ууртай, эсвэл гэнэт сэтгэлээр хөөрөх хандлагатай болох нь бий.
Ядралт хэрхэн илэрч байна вэ гэхээр:
- Ажлаа хийж чадахгүй болох, ажилдаа дуртай байсан ч эрч хүчгүй мэдрэмж төрөх
- Өглөө босоход хэцүү санагдах, өөрийгөө хүчлэн өндийх
- Анхаарал төвлөрөх чадвар буурах, аливаа зүйлийг шүүн тунгаахад хүндрэлтэй болох
- Олон нийтийн дунд байх дургүй болох, ганцаараа байхыг хүсэх
- Өдөр тутмын дуртай зүйлсээ хийхэд хүртэл ямар ч таашаал авахгүй байх
- Гэртээ суухаар ганцаардсан мэт санагдах, харин хүмүүстэй уулзахаар тухгүй болох
Эдгээр шинж тэмдгүүд ядаргаатай холбоотой бөгөөд эмчлүүлэхгүй удвал хувь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тухайлбал,
- Ажлын бүтээмж буурч, санхүүгийн байдалд сөрөг нөлөө үзүүлнэ
- Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтой харилцах харилцаанд таагүй уур амьсгал үүсгэнэ
- Маргаан, үл ойлголцол нэмэгдэж, тухайн хүний нийгэм дэх үнэлэмж хүртэл өөрчлөгдөж болно
Тиймээс хэрэв ядаргаа ихтэй байгаагаа мэдэрч байгаа бол өөртөө анхаарал хандуулж, мэргэжлийн эмчид хандаж оношлуулан зөвлөгөө авах хэрэгтэй.
Эмчилгээний эхний шат нь оношилгоо юм:
- Сэтгэл зүйн хувьд: Сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг тогтоох
- Бие физиологийн хувьд:
- Нойргүйдэл байгаа эсэх
- Биеийн ямар зовиур илэрч байгаа, жишээ нь:
- Чих шуугих
- Бие сулдаж, халуу дүүгэх
- Гар, хөл мэдээ алдах
- Хоолны дуршил өөрчлөгдөх (хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох)
- Хоол шингэхгүй байх, гэдэс ходоодын хямрал (гүйлгэх, өтгөн хатах)
Эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжилбэл дааврын зохицуулга алдагдах, макро, микро элементүүдийн (магни, кальци, кали гэх мэт) солилцоонд өөрчлөлт орж эхэлдэг. Иймээс эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай бол эмчилгээ хийлгэх нь зүйтэй.
-Ямар эмчилгээ хийдэг вэ?
-Дархлааны тогтолцоо алдагдсанаар бид ядарсан, сульдсан мэт санагдах, булчингийн хүчгүйдэл мэдрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Гэвч эдгээр нь хүн бүрт өөр өөрөөр илэрдэг тул "тархины цусан хангамжийг сайжруулах" гэх мэт ерөнхий эмчилгээ хийх нь тохиромжгүй. Үүний оронд хүн бүр оношлогоо хийлгэж, өөрийн өвөрмөц шинж тэмдгүүдэд тохирсон эмчилгээ авах шаардлагатай.
Хаврын улиралд эрүүл хүмүүс ч ядарч, тавгүйтэх хандлагатай байдаг бол сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн хувьд энэ нь илүү мэдрэг тусч, өвчин дахих эрсдэлтэй болдог. Ялангуяа нойргүйдэл нь тархины нөхөн сэргээлтэд сөргөөр нөлөөлж, сэтгэл зүй, бие махбодын хувьд ядаргааг нэмэгдүүлдэг. Хүн бүрт тогтмол, гүн нойр авах шаардлагатай байдаг. Хэрэв хүн хангалттай хугацаанд унтаж чадахгүй, эсвэл нойр нь хөнгөн, тасалдаж байгаа бол анхаарах ёстой шинж тэмдгүүдийн нэг юм.
Нойргүйдэлтэй хүмүүсийн хувьд анхаарал төвлөрөл муудаж, ажил үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болох, ажлын орчинд бүтээмж буурах, өөртөө итгэлгүй болох зэрэг асуудлууд гардаг. Энэ нь цаашлаад сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдэхэд хүргэдэг. Үүнээс гадна бие махбодод илрэх шинж тэмдгүүд болох булчингийн таталт, хуян хөөрөх, хоолны дуршлын өөрчлөлт зэрэг асуудлууд гарч болно.
Иймд хувь хүний онцлогийг ойлгож, тохирсон арга хэмжээг авах нь чухал. Амьсгалын дасгал, биеийн тамир, зөв хооллолт зэрэг дадлууд нь урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сэтгэл зүйн эмчилгээ олон төрөл байдаг бөгөөд тухайн хүний байдлаас хамаарч эмчилгээний арга хэмжээг сонгох ёстой. Үүнд сэтгэл засал, бүлгийн эмчилгээ, урлагийн эмчилгээ, физик эмчилгээ зэрэг багтана. Мөн мэдрэлийн эмгэгийн үед дусал тариа, хордлого тайлах эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах болон булчингийн үйл ажиллагаа дэмжих эмчилгээнүүд хийгддэг.
Өнөөдөр бидний ярилцсан асуудал бол ерөнхийдөө эдгээр шинж тэмдгүүд хэрхэн илэрч, тэдгээрийг оношлох, эмчлэх арга замын тухай байлаа.