Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан, үүрэг гүйцэтгэж байгаа үе, үеийн генералууд болох хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Х.Батбилэг, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Д.Намсрай, бригадын генерал М.Энх-Амар нарын алтан мөрдөст генералууд хүрэлцэн ирж, оролцсон юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 21 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвараа албандаа зориулж, генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн та бүхэндээ болон энд хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэнд нь баярын мэнд хүргэе. Онцгой байдлын байгууллагыг нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх бүхий л цаг хугацаанд удирдан, хамтран ажиллаж байсан, ажиллаж байгаа та бүхэн бол алба хаагчдын бахархал билээ” хэмээн онцолсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд алтан мөрдөст генералуудын ар гэрийнхэн мөн оролцож, баярласан сэтгэлээ илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Нийгэм | 2025-04-25
Сэтгэгдэл бичих